Цаг үеийн мэдээ

Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн болон дэмжлэг үзүүлэх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд нэгдсэн хяналт, удирдлага зохицуулалтаар хангах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камерын систем, штаб, серверийн өрөө, цахим хурлын систем, ухаалаг дэлгэц бүхий “Дотоодын цэргийн шуурхай штаб”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.07.24/ Дотоодын цэргийн штабт болж, нээлтэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон бусад албаны хүмүүс оролцов.

Дотоодын цэргийн штабын шуурхай штабыг ашиглалтад оруулснаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж, алба хаагчдын үйл ажиллагаа болон удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах боломжтой юм.

Таны сурталчилгаа