Цаг үеийн мэдээ

Монголчууд бид эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн ард түмэн. Гэвч орчин үед монгол бөхчүүд ард түмнээ баясгаж, баярлуулах нь бүү хэл, сэтгэлд нь сэв суулгаж, худлаа барилдах нь ихсэж, сэргээш хэрэглэн , шударгаар барилдаж байгаа нэгнээ хохироох нь элбэг болсон билээ.

Сүүлийн үеийн бөхчүүдийг тарианы бөх үү, төрмөл бөх үү гэдгийг ялгахын аргагүй болсон бөгөөд цол авах арга нь, барилдах уламжлал нь хүртэл шал ондоо болсон билээ. Үндэсний бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, хөл толгойгоо олохоо байсан цагт энэ байтугай юм бөх сонирхогчид үзэх шинжтэй.

ГУРАВ давсан бөхөөс шинжилгээ авах нь ямар ашигтай вэ?

1. Жил бүрийн наадмаар Допингийн шинжилгээг авдаг ба тав давсан бүх бөхчүүдээс авдаг. Харин 3-4 давсан бөхчүүдээс авдаггүй. Эндээс бүх НО эхэлнэ. Өөрийн нутгийн юм уу, аль эсвэл мөнгө авахаар тохирсон бөхчүүд нь 3 болон 4-ийн нугалаанаас гаргаж өгнө. Тавын даваанд Сүр жавхлантай нь аргагүй гарч ирэн, ам аваад, түүндээ унаад өгнө. Хэл амнаас ч хол, нэр цэвэр, дээр нь мөнгөтэй. Яагаад 3 болон 4 давсан бөхчүүдээс шинжилгээ авдаггүй гэхээр хариулт нь амархан.Олон бөхөөс шинжилгээ аваад БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид шинжлүүлэхэд зардал өндөр.

Хэрвээ 3 давсан бөхөөс шинжилгээ авдаг болчихвол бөхчүүд нь ч элдэв төрлийн юм хэрэглэхээс цааргалж, но-той нөхдүүд ч наадмаар барилдахгүй.

2. Бие биенээ шургаж байхаар тогтмол шинжилгээ авч хэвшье

Наадмаас наадмын хоорондох шинжилгээг МҮБХ авч үзсэн. Мөн л нилээн хэдэн бөх шинжилгээнд бүдэрч одоо барилдах эрхийг нь сэргээнэ, үгүй хэмээн маргалдаж байгаа. Анхнаасаа Жудаг хэмээх үг тархинд нь хадаастай байх ёстой бөхчүүд "Нэг нэгнээ, тэр допинг хэрэглэсэн" хэмээн шургадаг, матдаг болж эхэлсэн. 2017-2018 оны заалны барилдаанд барилдсан бөхчүүдээс шинжилгээ аваад энэ ажил зогссон билээ. Уг нь байнга шинжилгээ тогтмол аваад байвал энэ хэл ам, хэрүүл тэмцэл газар авахгүй байсан юм. Тиймээс МҮБХ ямарваа нэгэн байдлаар хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдээд энэ хэрүүлд ЦЭГ хатгаасай.

3. Элдэв жиг жуг

БНСУ руу явуулдаг шинжилгээний хариу солигддог, лантуугаар цохиод ч хагарахааргүй Шилэн сорьцын сав МИАТ-ын онгоцонд хагардаг гэх мэт хар дагуулсан зүйлс байнга сонсогддог. Мөн 14 хоногийн дотор гарах ёстой хариу гарахгүй байсаар 3-4 сарын дараа л гардаг . Энэ мэтийн Асуудал дагуулсан зүйлсээ бүрэн шийдэхгүй бол Үндэсний бөхийн нэр хүнд шавар шавхайд хутгалдсаар дууслаа.

Дээхнэ үеийн бөхчүүдийн бие хаа, жудаг ёс, боловсон харилцааны хаана нь ч орчин үеийн бөхчүүд хүрэхгүй. Хийлчихсэн бөмбөг шиг хөөчихсөн, гэнэт тариагаар адгуус шиг хүчтэй болж, бие бялдраа сэргээшээр “галзууруулсан” бөхчүүд наадмын маргааш хий нь гарсан шаар шиг л болчихдог. Төрмөл биш таримал, тарианы бөхчүүд сүүлдээ булхайгаа нууж дийлэхээ больж, ил цангаандаа гараад байна. Захаасаа сэргээш хэрэглэсэн нь хагас хугас илэрч хэд гурван сар, жилээр эрхээ хасуулаад дахиад хэнэг ч үгүй барилдаад явж байх болж.

Ж.Мөнхбат аварга 85 кг жинтэйдээ улсын наадамд түрүүлж байсан бол өнөө цагийн жирийн нэгэн бөх л дор хаяж 110 кг жинтэй болчихсон. Мөн дээхнэ үеийн бөхчүүд унаган бяраа хөлс хөдөлмөрөөр уламж нэмж, хүч чадлаа дээд цэгт нь хүргэхийн зэрэгцээ монгол бөхийн уужуу тайван зан, ёс жудгийг утгаар нь хадгалж явж чадаж байлаа. Харин яагаад орчин үеийн бөхчүүдийн ааш авир адсага шиг болж, ард түмнийхээ өмнө яс булаалдсан ноход шиг зодолдож шившгээ тарих болсныг нарийвчлан үзвэл допинг буюу сэргээш хэрэглэхээр тухайн хүний бие бялдар, хүч чадал зохиомлоор богино хугацаанд гэнэт нэмэгдэхээс гадна зан аашинд нь ч өөрчлөлт ордог аж. Үүний улмаас л өнөөгийн бөхчүүд барилдаж байх явцдаа ухаанаа алдсан юмуу гэмээр ааш авир гаргаж, ард түмний цэнгэл наадмын зүлэг ногоон дэвжээг нохой зодооны талбай шиг болгох нь элбэгшжээ. Түүгээр зогсохгүй сэргээшнээс болж насаараа ганц бие амьдарч байгаа бөхчүүд ч байдаг хэмээн өөр хоорондоо шивнэлддэг юм байна лээ. Учир нь допинг буюу сэргээшийг олон жил хэрэглээд ирэхээр хүний зан ааш болон бие организм нь өөрчлөлтөд орж, биеийн хүч чадал нь доройтож, эр хүний чадвараа хүртэл алддаг тухай мэргэжлийн эмч нар дурьдсан нь бий.

Хүү төрвөл “Бөх болоорой” хэмээн зөвхөн монголчууд бид л ерөөдөг байлаа. Харин ойрын жилүүдэд бөхчүүдийн увайгүй зан, жудаггүй үйлдлээс болж хүүхдээ ингэж ерөөх хүн цөөрсөн биз. Уг нь бөхчүүдийг гүндүүгүй, уужуу тайван жинхэнэ монгол эрчүүдийн төлөөлөл болсон хүмүүс хэмээн үнэлж дүгнэдэг. Харин одоо бол яг эсрэгээрээ, монгол бөхчүүд гудамжинд хэрүүл зодоон хийж, арван жилийн бацаануудаас ялгарах юм ер алга болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Янз бүрийн эм бэлдмэл хэрэглэснээс болоод барилдаж эхлээгүй байхдаа л хар хөлс нь цувж, хамаг байдгаараа уурладаг энэ цагийн бөхчүүд эцэстээ барьц сонгохыг илүүд үзэн барилдахчаа аядах мэт. Ийнхүү монгол бөх биш “турбо”-той бөхчүүд, допингийн бөхчүүд хэмээн янз бүрээр нэрлэгдэх болжээ. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол “Монгол бөх” гэх энэ тодотгол энэ глобалчлалын эринд улам л бүдгэрэх биз ээ.
Нэгэн наадамд амжилт гаргах гэж өөрийгөө төдийгүй өргөн олноо хуураад хаа ч хүрэх билээ. Зөвхөн улсын наадамд барилддаг бөхчүүд биш аймгийн наадам, бүр сумын наадамд зодоглодог бөхчүүд хүртэл уураг, допингийн төрлийн бэлдмэлийг утгаар нь хэрэглэж сурсан хэмээн яригдах болж. Олны үг ортой гэдэг болохоор энэ бүхэн үнэнд тун ойрхон таарна л даа. Тэгээд ч бөхчүүдийн бай шагнал улам өсөж байгаа тул бөхчүүд сэргээш хэрэглэх нь улам газар авч байгаа байх л даа.
 
 
 
 
 

Таны сурталчилгаа