Цаг үеийн мэдээ

Баатар өнөөдөр гэртээ эртхэн шиг ирлээ. Заншил ёсоор Баасан гаригийн оройг наргиж өнгөрүүлдэг нөхөд бүгд л завгүй гэцгээсэн учир урамгүй, бас ууртай ирж байгаа нь энэ. Ядаж эхнэр аятайхан хоол хийсэн байгаасай гэж амандаа бувтнаад хаалгаа ширүүхэн тогшлоо. Уг нь удах ч гүй сэвхийтэл нээгддэг хаалга энэ удаа тэгсэнгүй. Уурандаа баахан нүдэж байснаа, түлхүүрээ гаргаж орлоо. Өдийд эхнэр нь гэртээ баймаар л юм. Бага хүүгээ гаргаснаас хойш эхнэр нь ажил хийлгүй гэртээ суух болсон болохоор хэдийд ч ирсэн хоол, цай бэлэн, хүүхэд цэцэрлэг яслид хүргэчихнэ, ер нь л Баатрын дараас өмнөхөө бодоход хөнгөрөөд байгаа юм.

- Сүрээн, ямар хоол хийсэн гэж уцаартай байгаагаа илтгэх гэж чангахан дуугаран орж ирвэл эхнэр нь хаа нэг тийшээ явах гэж яарах бололтой нүүрээ будан, хавь ойрд үзээгүйгээр үс гэзгээ янзлан бэлдэж байх нь тэр.

- Хүүш, чи хаачих нь вэ. Хоол яасан?

- Найзуудтайгаа уулзанаа. Манайхан ганц цуглаж байна гэнэ. Миний хань өөрөө хийгээд идчих, найз нь үнэндээ амжсангүй.

- Юу гэнээ? Хөхүүл хүүхдээ хаяаад тэнэх гэж байдаг чам шиг хүн байдаг уу гэж Баатар царайгаа минчийлгэн, айлгах санаатай бараг л хашгирлаа.

- Чшшш чимээгүй гэм. Ингэж байж хүүхэд сэрээвэл өөрөө унтуулаарай. Чамд нээрээ нэг юм хэлэхээ мартчихаж. Чи ч сонссон шинж алга. Өнөөдрөөс эхлээд бүх гэрийн эзэгтэй нар ажил хаяж байгаа шүү дээ.

- Ажлаа? Юу балайраад байгаа юм? Та нар ямар ажилтай гэж ажил хаях гээв гэхэд эхнэр нь учирлангүй нэг харснаа,

- Харин энийг чинь л ойлгуулах гээд байна шүү дээ гэснээ хариулт хэлэхийн завгүй цүнхээ шүүрэн авч, туфлиэ углаад, гарахдаа,

- За хүүхдүүдээ сайн харж байгаарай. Би оройтож магадгүй шүү гээд шурдхийн гарч одов .

Баатар сонссон зүйлдээ гайхсаар үлдлээ. Гэртээ сууж үлдээд, золигийн эхнэр надаар тоглож байна гэж бодсондоо бүх найзууд руугаа залгаж үзэв. Ихэнх нь утсаа авсангүй, дуудуулж дуудуулж багын найз Батмөнх нь утсаа авч байна. Цаана нь бөөн шуугиан, хашгираан.

- Баатараа, хөгшөөн, эхнэр гэрийн ажлаа хаялаа гээд найз нь энд ёстой баларч байна. Тавын таван хүүхэд зэрэг шуугиад, юм хум тарааж шидээд толгой эргэж унах нь.

- Юун ажил хаях гэж. Дэмий юм түрүүнээс хой л Сүрэн яриад байх юм.

- Үгүй, чи мэдээгүй хэрэг үү? Бүх гэрийн эзэгтэй нар ажил хаясан гэнээ. Монголын Гэрийн Эзэгтэй нарын Холбооноос зохион байгуулсан юм байх. Цаагуур чинь гэрийн ажил хийж байгаа нэг ч хүүхэн алга. Манай Туул ч зугаална гээд гараад алга болсон. Хөөе...гэснээ,

- За хөгшин нь утсаа тасаллаа шүү. Дунд хүү зурагтны нүүр лүү юм шидээд хагалчихлаа гэснээ утас нь дүүд дүүд хэмээн тасрав.

Алмайрлаасаа гарч амжаагүй байтал том охин нь хичээлээсээ хүрээд ирлээ. Гэрийнхээ хажууханд хятад сургуулийн хоёр дугаар ангид сурдаг охин нь хичээлдээ дарагдаад, тоглож наадах нь бүү хэл хүнтэй ч үг дуугарах шахам завгүй амьтан, байнга амандаа хятад үг үглэж явна.

- Ааваа, би хуушуур идмээр байна. Надад гоё хуушуур хийж өгөөрэй гэснээ гэрийн даалгавраа хийхээр өрөө рүүгээ явчихав. Нэгэнт Сүрэн эргэж ирэхгүйгээс хойш өнөөдөр яаж ийгээд аргалах л хэрэг болж. Тэгээд ч эхнэрийнх нь утас салгаастай. Өөрийнх нь ч гэдэс хонхолзох учир хоол хийж идэхээр, галын өрөөндөө орлоо. Угаагаагүй аяга шанаг угаалтуурт овоолоостой, ширээн дээр өглөөний идсэн уусан талхны үйрмэг, жимсний чанамал нялж орхисон хэвээрээ. Хогийн сав хэзээний дүүрээд халих шахаж. Энэ бүхнийг цэвэрлээд хоол хийнэ гэхээс яс хавталзах шиг болно. Юун хуушуур, төвөг багатай хоол хийж идэхээс гэж үглэн хөргөгчөө нээтэл хүнсний юм юу ч алга. Дэлгүүр орж юм цуглуулна гэдэг Баатарын хамгийн дургүй ажлыг хэлэх үү. Яахаа мэдэхгүй зогсож байтал бага нь хүү нь сэрсэн бололтой часхийтэл уйллаа. Ээж нь байхгүй болохоор сүү халааж өгнө дөө гэсэн бодолтой очтол нөхөр өмдөндөө баачихсан байна.

Хүүгийнх нь орилох дуу толгой руу нь өрөмдөх шиг болж, энэ олон ажлын алинаас нь эхлэхээ мэдэхгүй, дэмий л эхнэрээ дотроо зүхэн зогсоно. Хүү нь бүр царайгаа улайтал бархирсаар. Баатар аргагүйн эрхэнд хүүгийнхээ өмдийг сольж цэвэрлэхээс эхэллээ. Хийж дадаагүйг хэлэх үү, эв хавгүйхэн оролдсоор баахан цаг алдаж, арай гэж нэг юм хуурай өмд олж өмсүүллээ. Гэтэл бас юм идэхийг хүсэх бололтой ахиад л эцэс төгсгөлгүй бархирна. Том охин нь хоол яасан бэ гэж ууртай асууна. Гэрээр нэг новш хөглөрөөд, одоо болтол оройн хоолоо идээгүйн хар гайгаар гэдэс нь хонхолзон уур нь хүрнэ. Тэгж тэгж нэг юм бага хүүдээ сүү халааж уулгаад, дэлгүүр орж, бэлэн бага сага юм авчирч том охинтойгоо идсэн болоод, гал тогооны өрөөгөө цэвэрлэх гэсээр байтал хэдийнэ 10 өнгөрчихжээ. Хүнсний юм цуглуулж амжсангүй, гэрээ ч цэвэрлэсэнгүй, маргааш найзуудтайгаа салхинд гарахдаа өмсөх хувцсаа ч угааж амжсангүй. Олигтой юм хийгээгүй байж жигтэйхэн ядарсандаа гайхна.

Шөнийн арван хоёр дөхөж байхад эхнэр нь гэртээ нэг юм ирлээ. Бас болоогүй амнаас нь архи дарсны үнэр ханхийнэ. Баатар эхнэрээ загнаж үглэх гэж, бас өнөө оройн болсон явдлын талаар хэлэх гэтэл "ядарч байна" гэж гараараа төвөгшөөнгүй дохисоноо хувцсаа ч тайлалгүй орон дээрээ унаад өгөв. Баатар унтаж байгаа эхнэрээ жаал харж сууснаа, хичнээн уур хүрч байсан ч хувцастай нь унтуулж зүрхэлсэнгүй, тайлж өглөө. Бага хүү нь унтатлаа энэ тэрүүгээр тэнтэр тунтар алхаж байхдаа хамаг юмыг нь талаар нэг тараагаад хаячихаж, хаяад унтаж нэг л болсонгүй, эцсийн чадлаа шавхан цэвэрлэлээ. Гэрээ цэвэрлэнгээ баахан юм бодлоо.

Өнөө орой хийж амжаагүй ажлыг эхнэр нь өдөр болгон ян тан амжуулж, орой болгон халуун хоолтой, хамгийн гол нь огтхон ч ядраагүй мэт инээмсэглэлтэй угтдагийг санах бүр "Ажилгүй, хийсэн юмгүй гэртээ сууж байж" гэж үргэлж хэлдгээ санан гэмших шиг болов. Үнэндээ ажил дээрээ ажлынхантайгаа инээж хөхөрч, ажил төрлөө хөөцөлдөн байхад өнгөрдөг цаг гэрийн нэргүй энэ ажилд нухлагдан ганцаар байхаас хэдэн хувь илүү жаргалтай нь мэдээж. Би энэ гэрийг тэжээж байна, чи гэртээ байж гэж эхнэртээ дахин олон хэлж гомдоохгүй юм шүү гэж дотроо өөртөө амлалаа. Байрных нь олон цонхны гэрэл асаалттай л байна. Бодвол өөр шиг нь нөхрүүд ажил хаясан эхнэрүүдийнхээ үүргийг гүйцэтгэх гэж зовж байх бололтой.

Зурагтаар мэдээ гарч байна. "Монголын Гэрийн Эзэгтэй нарын Холбоо"-оос зохион байгуулсан нэг өдрийн ажил хаялт ийнхүү өндөрлөлөө. Ажилт хаялтыг дуусгах саналыг нөхрүүд биш, гэрийн эзэгтэй нар өөрсдөө тавьсан байна" гэтэл араас нь нэг эмэгтэй, "Хэдэн хүүхэд хэцүүдлээ. Энэ чинь удаан үргэлжилбэл гэр орон сүйд болох нь" гэж бухимдангуй, бас санаа зовонгуй хэлснээр мэдээ дуусав. Ашгүй дээ гэж, санаа нь амран урт амьсгаа авснаа, муу Сүрэнгээ өрөвдөх шиг болов. Ажил хаялт нь дууссан ч гэлээ энэнээс хойш эхнэртээ туслаж байя, ойрын үед шинэ үзвэр юу билээ, үзүүлнэ дээ гэж санахад эхнэр нь бодлыг нь таасан мэт нойрондоо инээмсэглэн байлаа.

Таны сурталчилгаа