Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 03 - 06 хүртэл Спортын төв ордоны “А” танхимд үргэлжлэн явагдана. “Токио 2020” олимпийн наадам болох хариуцлагатай жил учраас энэхүү тэмцээнд бүх бөхчүүд өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Тамирчин хүний гол зорилго нь олимп, дэлхийд нэр дуурсгах гол зорилготой байдаг учир УАШТ ширүүн өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Манай улсаас 2 жинд олимпийн эрхээ авсан бөгөөд үлдсэн жингүүдэд эрхээ авахын төлөө Үндэсний шигшээ баг ажиллаж байгаа юм.
Ингээд Токио явахын төлөө өрсөлдөх бөхчүүдээ тольдоё
Эмэгтэй 50 кг. Гол хүн нь “Хасу Мега Стар”-ын Ц.Намуунцэцэг. Түүнтэй өрсөлдөх бөхчүүд нь Б.Чимгээ, Н.Анударь нар байх болов уу? Мэдээж залуу охидууд ч сайн барилдаж эрхээ авахын төлөө өрсөлдөх биз ээ
53 кг: Энэ жинд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, “Алдар”-ын Г.Отгонжаргал, өнгөрсөн жилийн аварга Мөнхбатын Пүрэвтунгалаг, П.Чулуунбаатар багшийн шавь нар Б.Энхцэцэг, Б.Энхзул гээд нэр дэвшигчид олон байна. Дээд жингээс нь 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа орж ирнэ гэхээр гал гарсан ширүүн барилдаанууд гарах нь тодорхой.
57 кг: Мөнхийн өрсөлдөгчид болоод байгаа Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар), Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) нарын барилдааныг бөх сонирхогчид хүлээж буй. Дундуур нь салхи оруулж мэдэх нэг хүн бий нь Баянхонгорын залуу бөх Болдсайханы Хонгорзул юм.
62 кг: Ширүүн өрсөлдөөн гарах бас нэгэн жин. Энхбатын Гантуяа (Хилчин), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар), Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) нар 2019 онд энэ дарааллаар медаль хүртсэн. Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт Баатаржавын Шоовдор энэ жинд хүч үзэж олимпод оролцохыг хүсэх нь мэдээж. Дээд жингээс нь Хүрэлхүүгийн Болортуяа ороод ирвэл бүүр ч ширүүн өрсөлдөөн гарах биз ээ.
68 кг Гол фаворит бөхчүүд нь Соронзонболдын Батцэцэг (Хилчин), Очирбатын Насанбурмаа (Женко) нар юм. Олон жил Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж яваа хоёр аваргын барилдааныг олон хүн хүлээж буй. Өнгөрсөн жилийн Улсын аваргаар С.Батцэцэг ялсан бөгөөд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпийн эрх авчираад буй. Гэхдээ олимпийн эрх тамирчинд бус Улсад очдог учраас энэ удаагийн УАШТ-ээр хэн түрүүлсэн нь олимпод явах болно. Бусад бөхчүүдээс Хасу-Мегастарсын Энхсайханы Дэлгэрмаа хоёр аваргатай яаж барилдахаа сайн төлөвлөсөн биз ээ.
76 кг: Олон жил барилдаж буй хашир аваргууд болох Очирбатын Бурмаа (Женко), Гэлэгжамцын Наранчимэг (Хилчин), Банзрагчийн Оюунсүрэн (Женко), Бадрахын Одончимэг (Алдар) зэрэг шилдэг бөхчүүд бий. Эдгээр эгч нартайгаа эн тэнцүү үзэх Ганбатын Ариунжаргал, Найгалсүрэнгийн Загардулам, Пүрвээгийн Номин-Эрдэнэ нарын охид бий. Эдгээр бөхчүүдээс л Улсын аварга тодорно.
УАШТ-ээс эрхээ авсан бөхчүүд Энэтхэгт болох Азийн АШТ, гуравдугаар сарын 27-29 – нд БНХАУ-ын Шиань хотноо болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцох учиртай. Хэдийгээр 10 жинд УАШТ болох ч Олимпийн жингүүдийн гол бөхчүүдийн тухай дурдлаа. СТО-д 4 өдөр үргэлжлэх УАШТ-ээр хэний охины толгой ажиллаж, өөртөө байгаа бүхий ур чадвараа гаргаж чадна тэр нь Токиогийн зүг Эх орноо төлөөлж явах билээ. Бүх бөхчүүддээ амжилт хүсье.