Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлснээр, улаанбурхан өвчний зургаа дахь тохиолдол лабораториор батлагджээ.
Батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 7 сартай хүүхэд байна. Тус хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй байсан аж.
Халдвар тархахаас сэргийлэх зөвлөмж
Эрүүл мэндийн байгууллагууд дээрх өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийг ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг зөвлөж байна.
Холбогдох мэдээлэл авах
Хэрэв танд тодруулах зүйл байвал дараах утсаар холбогдох боломжтой: 89016199, 75103100
Иргэдийг улаанбурхан өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.