Цаг үеийн мэдээ

No photo description available.

УУЦ ТАВИХ ЁСОН

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй.

Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл бүтэн мах, ууц / тавих журам Толгой, Ууц, өвчүү, Хаа, Гуя, Хүзүүний сээр Махны толгой / эх / гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг.

Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэн тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм.

Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас нь иднэ.

ХАДАГ БАРИХ ЁСОН

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан , эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. 

САР ШИНИЙН ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁСОН

Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул ( хэвийн боов , самар , сүүл , цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга ) -аар чимэглэсэн идээг хэлдэг.

Бага идээ гэдэг нь баганаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг. Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг.

Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав,тав , долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁСОН

Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёстой байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

Хадаг барихад хэлэх үгс:

Цаглашгүй урт наст ариун хадаг

Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн

Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

Идээний дээж элгэн цагаан тараг

Эдийн дээд ариун цагаан хадаг

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.

Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та " энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна " гэж бодоорой. 

 

Таны сурталчилгаа