Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоёрдугаар улирлын хичээлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн танхимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан сургалтын үйл ажиллагааны бэлэн байдал, хичээл сургалтын зохицуулалтын талаар мэдээлэл, чиглэл өгөх цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдав.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургалтын зохицуулалт, сургалтын орчин, хичээлийн байр, танхимын ариутгал халдваргүйжүүлэлт, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн автобус хүүхдийн эрх, хамгаалал, салбарын 2022 оны төсөв, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар мэдээлэл өгч, сургалтын хоцрогдлын нөхцөл байдлыг тодорхойлох оношлох үнэлгээ болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны үр дүнгүүдийг танилцууллаа.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Танхимын сургалтад шилжих тухай” А/38 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, сургалтын байгууллагын орчин, хичээлийн байр, анги танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нөөцийг бүрдүүлэх, сургуулийн орчинд коронавируст халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах багийн үйл ажиллагааг сайжруулж, сургуулийн орчинд зай барих боломж нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг үнэлэн, хичээлийн завсарлагаа, үдийн цайны үеэр зай барих боломж бүрдүүлэн, тогтмол хяналт тавих зохицуулалт хийж ажиллах үүрэг, чиглэл өглөө.