Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй яамны төлөөлөл Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвийн настан буурлууддаа Билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн нэгэн, Цагаан сарын баярыг угтан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Тус төвд 135 эрэгтэй, 70 эмэгтэй нийт 205 ахмад настан үйлчлүүлж байна. Ахмад настны үндэсний төв нь ахмадуудад эрүүл мэндийн, асаргаа сувилгааны, сэтгэл заслын, нийгмийн ажлын зэрэг тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Мөн ахмадууд чөлөөт цагаараа ном унших, гар урлалын бүтээл хийх, караокед дуулах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг.
Нийт үйлчлүүлэгчдийн 30 орчим хувь нь өөртөө үйлчлэх чадваргүй, асаргаа шаардлагатай иргэд байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт орж 2025 оноос эхлэн асрамжийн газрын нэг хүнд ногдох зардлын нормативыг байнгын асаргаа шаардлагатай иргэнд 3 дахин нэмэгдүүлэн тооцох эрх зүйн зохицуулалт тусгагдсаны дагуу санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Цаашид тус төвд дотрын эмч ажиллуулах, хэвтрийн болон асаргаа шаардлагатай ахмад настнуудыг асрах асаргааны хүний нөөцийг нэмэгдүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах, хэвтрийн өвчтэй үйлчлүүлэгчдийг усанд оруулах зориулалтын тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдэд зориулсан автобусаар хангах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ахмад настны үндэсний төвийн хамт олон яамны удирдлагуудаас хүслээ.