Цаг үеийн мэдээ

Битүүний өдрийн барилдаан нийтийн тээврийн ТВ-ээр шууд дамжуулагдана

Нийтийн тээврийн салбарт хийгдсэн шинэчлэлийн хүрээнд 750 автобусанд суурилуулсан транзит ТВ дэлгэцээр иргэд цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай авах боломжтой болоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн "Битүүний өдрийн барилдаан"-ы 3-8 дугаар давааг нийтийн тээврийн ТВ-ээр 13:00 цагаас эхлэн шууд дамжуулна.  

2024 онд нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийгдэж, жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэн, 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Энэ хүрээнд зорчигчдын ая тухыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор автобус бүрийг транзит ТВ дэлгэцээр тоноглосон нь ийнхүү сар шинийн барилдааныг олон нийтэд шууд хүргэх боломжийг бүрдүүлж байна.  

Ингэснээр иргэд ажил, амьдралынхаа завгүй хэмнэл дунд явж байхдаа ч үндэсний бөхийн өрсөлдөөн, хүчтэнүүдийн барилдааныг шууд үзэх боломжтой болж буй нь баярын уур амьсгалыг нэмэх сайхан мэдээ юм.

Таны сурталчилгаа