Урт гартай хулгайч эд зүйл хулгайлдаг. Улс төрийн хулгайч нар эдийн засгийг бүтнээр хулгайлдаг. Ердийн иргэн Оюун-Эрдэнэ биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нүүрсний мафи улсын эдийн засагтай тэнцэх 40 их наяд төгрөг хулгайлсан талаар 4-р сард шүгэл үлээв. Энэ хулгайг илрүүлэн тас цохивол эдийн засаг 2 дахин тэлнэ, үүнд оролцсон нь УИХ-ын гишүүн Адъяасүрэнгээс эхлээд байна гэж зарласан. Шуудайгаар хуссан нь шоронд ордог юм байна, ордоор нь тоносон нь ордонд суудаг юм байна. Ердийн хулгайч хашаа давдаг бол цагаан захтнуудын хуруу хил давдаг юм байна гэдгийг Та бид ойлгосон. Нүүрсний хулгай их том учраас энэ удаад эхний хэргийг нь сөхье. Нүүрсний хулгайн анх илэрсэн нь 2013 он, 9 жилийн өмнөх явдал. Хүн мөн боловч хурдан морины цолыг хоч болгосон нэг гишүүнтэй холбогддог. Үг ч хэлдэггүй, хууль ч санаачилдаггүй, үргэлж нууц байдалд байдаг тэр хүн бол “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ. Орон нутгийн “Тавантолгой” компанид олон жил эзэн суусан хүн. УИХ-ын гишүүн, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн гар хөлүүд ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлэн нүүрс хулгайн хэрэгт холбогдсон.
Эхлээд гаалийн байцаагчийн дүгнэлт гарч, Эрүүгийн цагдаа шалгаж, Улсын мөрдөн байцаах газар 2013 оны 8-р дугаар сард хэрэг үүсгэсэн боловч Улсын ерөнхий прокурорын газар өөр дээрээ суга татан авч ирээд хэрэгсэхгүй болгосон. Тэр үеийн Ерөнхий прокурор нь АН-ын дарга асан Д.Дорлигжав, анхны нүүрсний хэрэгт холбогдсон нь мөн л АН-ын харьяат Ажнай гэдэг морь биш хүн. “Тавантолгой” ХК-ийн захирал Х.Түмэнбаяр, Ерөнхий ня-бо Г.Шүрэнцэцэг, ня-бо Ц.Ариунжаргал, “Тавантолгой транс" компанийн захирал Д.Дагвадорж, Гашуунсухайтын гаалийн дарга Б.Батгэрэл гэсэн яг таван толгой Тавантолгойн хэргээс тавуулаа ингэж мултарсан. Барын зулзагыг бага дээр нь гэгчээр 9 жилийн өмнө хулгайг өөгшүүлэхийн оронд тас цохисон бол 40 их наядын хулгай болж суга тэлэх байсан уу, үгүй юу? 2019 онд ахиад л төр, цагдаагийн ажлын хэсэг гарч ажилласан. “Ажнай” гэдэг морины цолтой хүний орон нутгийн “Тавантолгой”-нхон зэргэлдээ орших төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой”-н талбайгаас 268 мянган тонн нүүрс олборлож, гаальд бүртгүүлэлгүй хил давуулж, мөнгө угаасан хэргийг АТГ-т шилжүүлсэн. 2013-2017 онд 2527 машин 17149 удаа улсын хилээр хоосон машин гаргажээ. Нүүрс тээврийн том том том ачааны машин хов хоосон давхилдаад, хил дамнан аялан зугаалж байсан юм шиг хачин бүртгэл. Ингээд үзэхэд эд зүйл хулгайлсан нь шоронд ороод л, эдийн засгаа хулгайлсан нь ордонд ороод л байг уу? Нүүрсний машинд Приүсний дугаар зүүж гаргасан, Хилийн цэргийн дарга Сэргэлэн Хятадын нүүрсний компанийн захирал болсон, харах нүд, сонсох чих болсон бүх байгууллага үзэж мэдээгүй, өөрсдөө хуйвалдсан гэх мэтээр хар мөр татсан баримтууд сөхөгдсөөр байна. Хулгай хар мөртэй. Нүүрсний хулгай бүр тас хар мөртэй. Эд зүйл ч биш эдийн засгаа бүхлээр, ирээдүйгээ тэр чигээр нь хулгайлуулчхаад хараад л суугаад байх уу?