Цаг үеийн мэдээ

"Сайн уу? Амьдрал минь 2", "Ихэр тавилан", "Нийслэл хүүхэн 1,2, "Би дурламаар байна" киногоороо олонд танигдаад буй авьяаслаг уран бүтээлч У.Минжинтэй уулзаж цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Биднийг урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа.

Сайн сайн байна уу? Намайг бас урьж оруулсанд баярлалаа. Удаан хугацаанд ярилцлагад ороогүй болохоор таатай байна.

Та өөрийгөө танилцуулаач 

Намайг Уламбатын Минжин гэдэг. Нийслэлийн 45 дугаар сургуулийг төгссөн. Соёл Урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн.

Бага насандаа ямар хүүхэд байсан бэ?

Бага насандаа хүнд харагдах байдал нь даруухан хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүүхэд байсан. 4 дүүтэй болохоор аав ээждээ туслахын тулд хичээлээ тараад шууд гэртээ харьдаг, ангидаа ч тэр дуугүй төрлийн хүүхэд байсан.

Намайг СУИС-ийн жүжигчний ангид орсон гэхэд манай арван жилийн багш нар жүжигчний ангид Минжин үү гээд их гайхаж байсан. Гэхдээ хүмүүжил нь даруу төлөв мөртлөө дотоод хүн нь нээлттэй, галзуу төрлийн хүн юм шиг байгаа юм. /инээв/

Олны танил хүмүүс хэл аманд өртөх нь их байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн даван туулдаг вэ?

Анх их хямраад уйлах нь холгүй л байдаг байсан. Манай ангийн багш Ж.Лхамхүү багш маань өөрөө их хатуужилтай хүн. Уг нь дотроо их зөөлөн хүн атлаа гаднаа хүнийг их хурцалдаг. Хурцлахдаа их зэвүүн хурцалдаг. Тэрэнд их ухаажиж би чанга байх ёстой юм байна гэсэн тэвчээр суусан.

Мөн урлагийн хүн болохоор л бүх хүмүүсийн нүдэн дээр ил байдаг. Хэзээ нэгэн цагт чи ямар нэгэн байдлаар муу нэр, хар бараан зүйлд өртсөн ч яг чамтай адилхан зүйлийг туулаад даваад гарсан өөр хүмүүс ч байдаг. Тийм учраас чи ямар ч зүйлийг инээгээд  даван дуулж бай. Чи өөрөө өөртөө үнэнч шударга, зөв байгаа цагт хэн ч чамайг муу муухайгаар ярьсан байсан ямар ч хамаагүй. Ээж аав нь чиний үнэнийг мэдэж байгаа болохоор чи тэр бүгдийг тоолгүй өнгөрөөж байгаарай гэж суулгасан.

Минжин ямар хүн бэ?

Би нэгдүгээрт маш зарчимч хүн. Хоёрдугаарт би шударга хүн гэж боддог. Би байгаагаараа л байх дуртай. Хүмүүс намайг юу гэж хүлээж авах нь тэр хүний л дур. Хүнд таалагдах гэж өөрийгөө эвдэхийг хүсдэггүй. Би худлаа хэлж чаддаггүй юу ч байсан үнэнээр нь л хэлдэг. 

Эмэгтэй хүмүүсийн хувьд гэр бүл, үр хүүхэд гээд өөрийн ажил мэргэжил карьераасаа түр завсарлага авах үе байдаг шүү дээ.

Би анхнаасаа аав ээжийнхээ зөвлөсний дагуу мөн өөрийнхөө үзэл бодлын дагуу 25 нас өнгөрөөд л гэр бүлтэй болно гэж боддог байсан. Түүнийхээ ч дагуу гэр бүлтэй хүүхэдтэй болсон болохоор нэг их хямраад байдаггүй. Гэхдээ үе үехэн дөнгөж карьер маань эхэлж байхад хүүхэд гаргаад гэртээ суухаар карьер маань ингээд л дуусчихвий дээ гэж бодогддог байсан. Гэхдээ найз нөхдийн урмын үгээр маш их дэмжлэг авсан.

Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө

Би удахгүй дуу хөгжмийн ертөнцөд хүч үзнэ гэж бодож байгаа. /инээв/ Би учиргүй мундаг дуулахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээндээ дуу гаргана. Хүмүүсийн хандалтыг харж үнэхээр миний дуунд дуртай байвал жүжигчин гээд өөрийгөө дөрвөн хананы дунд түгжихгүйгээр өөрийгөө тал талын авьяас чадвартай хүн гэдгээ харуулахын тулд хичээнэ.

Таны тоглосон дүрүүдээс хамгийн сэтгэлд үлдсэн дүр

Ихэр тавилангийн дүр. Хамгийн хэцүү хэр нь хамгийн гоё дүр. Миний сэтгэл зүрхэнд бүх талаараа хамгийн тод сайхнаар үлдсэн дүр.

Таны ирээдүйн мөрөөдөл зорилго

Жүжигчин хүний хувьд гадаадын том уран бүтээлд ороод үзэх юм сан гэж байнга боддог. Үүнийхээ дагуу өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд хичээж байгаа.

Урьдын Минжин ээж болсны дараах Минжингийн ялгаа

Би өөрөө их уян зөөлөн бас уйланхай хүн. Хүүхэдтэй болохоор бүүр их зөөлөн уйланхай болчихдог юм билээ. /инээв/

Гэр бүл төлөвлөлт гэж яг юу вэ?

Гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл нь өөрөө их чухал зүйл юм билээ. Гэхдээ гэр бүлийг төлөвлөнө гэдэг өөрөө өвөө эмээ аав ээжийн хэлдгээр сайн хараарай гэдэг үг юм билээ. Бие биедээ мянга хайртай байлаа гээд ухаан их хэрэг болдог юм байна. Ухаанаа зарж ухаанаа тэлж, хөгжүүлж байж тэр хайр илүү бат бөх болж  илүү их ундардаг юм билээ.

2022 оны таны хувьд ямар жил байв

2022 онд би өөртөө хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бол миний хүүхэд. Миний хүүхэд бол миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт минь.

Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд

Эмэгтэй хүн хамгийн түрүүнд өөртөө хайртай байх хэрэгтэй дараа нь өөртөө хайртай хүнтэй суух хэрэгтэй. Чиний өмнө чиний буруу байсан ч уучлаарай хайраа гээд, чиний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм хүнтэй сууж байж эмэгтэй хүн жаргадаг юм билээ.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа 

Та бүхэнд бас баярлалаа.

Таны сурталчилгаа