Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Арын сайхан хангай нутгаас төрөн гарсан ТАВАН АВАРГА-д хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Хемон констракшн" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв.
“Өндөр” О.Мөнх-Эрдэнэ харцагын хувьд МҮБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол даян аварга Н.Батсуурь хоёр өдөр дараалан үзүүрлэлээ.
Дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “УСУГ”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, МУГТ, цэргийн арслан Л.Отгонбаатар, Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Сод Монгол" групп, "Повер Пласт" ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарлаа.
Наймд улсын гарди М.Бадарч, улсын начин Э.Батмагнай, аймгийн заан Б.Бадрал, аймгийн харцага О.Үйтүмэн нар үлдэв.
Тус барилдааны үеэр Архангай аймгийн ЗДТГ болон “Бөхбилэгт” дэвжээнээс хамтран Арын сайхан хангай нутгаас төрөн гарсан аваргууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд болон улсын цолтой бүх бөхчүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн үзэгч олон бөхчүүдийн хишиг түгээж, түүн дотроосоо 10 азтан тодруулж, тус бүр 100.000 төгрөг гардуулсан юм.
Маргааш Алтан цомын тавдугаар тойргийн барилдаанууд эхэлж, 13:00 цагаас Увс, Өвөрхангай аймгууд учраа тааран барилдана.