Цаг үеийн мэдээ

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан О.Одбаяр Сүхбаатар аймгийн Онгон сум дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж буй. Энэ талаар ХХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригоос тодрууллаа.

-Тухайн цэрэгт чөлөө өгөх дөө тухайн болсон үйл явдлын талаар яагаад мэдээлээгүй вэ?

-Нэгдүгээрт, эцэг хүний хувьд, хоёрдугаарт, мөр зэрэгцэн алба хааж байсан хилчний хувьд цэргийнхээ ар гэрт болсон үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн цэргийн штабаас тухайн цэрэгт ар гэрийн гачигдал гарсан талаар чөлөө хүссэн албан бичиг очсон. Энэ дагуу маш хурдан хугацаанд шийдвэрлээд цэргийн албан хаагч даа чөлөө өгч явуулсан. Тухайн үед тэнд ажиллаж буй албан хаагч, удирдлагуудад нь маш хүнд байсан байх. Тухайн үед ээж нь, дүү нар нь ийн амь эрсэдсэн байна гэдэг мэдээллийг хүргэнэ гэдэг маш хүнд шүү дээ. Замдаа янз бүрийн байдал үүсэх вий гэж эмээсэн байж болзошгүй.

-Цэргийн ангиас нь тухайн цэргийг хэвлэлд мэдээлэл өгч болохгүй гэх мэт дарамт шахалтууд ирсэн гэх мэдээлэл бий?

-Түрүүхэн тодрууллаа. Захирагч нь ярьсан юм билээ. Нагац эгчтэй нь. Ямар нэгэн байдлаар дарамталсан асуудал байхгүй. Харин захирагч нь ямар нэг байдлаар тусламж дэмжлэг юу байна вэ, бид тусалъя гэж мэдэгдсэн байна лээ. 

-Тухайн цэргийг халж байгаа гэх мэдээлэл байна. Хил хамгаалах ерөнхий газраас дэмжлэг үзүүлэх үү? Цаашид ямар арга хэмжээг авах вэ? 

-Цэргийн албанаас халах асуудал бол байлдагч маань эхлээд өргөдөл гаргасан байгаа. Өргөдөл нь нийслэлийн цэргийн штабаар дамжаад манайд нэгдүгээр сарын 29-нд албан тоотоор хандсан. Үүнийх нь дагуу хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Ер нь халагдсан гэсэн үг. Хуулийнхаа дагуу. Мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй болсон учир дэмжихэд бэлэн байна. Цэрэг өөрөө хүсвэл бид тухайн цэргийг ажлын байраар хангах бүрэн боломж байна. Цэргийн сургуульд явуулна. Эхний ээлжинд ийм зүйлс бий.

Таны сурталчилгаа