Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. Талийгаачийн том хүү цэргийн алба хааж байсан бөгөөд халагдаад ирэхэд нь хоосон гэр, тавгийн идээ угтсан тухай хүү нулимс дуслуулан хэллээ.
Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан, талийгаачийн том хүү О.Одбаяр "Гэрт уг нь угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна" гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Бид 2020 оноос хойш 200 мянган айлд угаар мэдрэгч тараасан. Нэгдсэн хяналтын системтэй болсны дараа дуудлагыг хянадаг болсон. Энэ системдээ 2023 онд 7800, 2024 онд 8666 угаар мэдрэгчийг нэмэлтээр холбосон. Нийт 79.010 өрх ухаалаг системд холбогдсон" гэсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард тендер зарлаж "Инцилект техник" гэдэг компани шалгарч, 1.3 тэрбум төгрөгөөр 8666 ширхэг төхөөрөмж худалдан авчээ.
Мөн А.Амартүвшиний "Хоёр удаа тендер зарлахад "Инцилект техник" гэдэг компани шалгарсан. Ухаалаг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 150 мянган төгрөг" гэлээ. Түүний хэлснийг хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 7.6 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Айлуудад угаар мэдрэгч төхөөрөмж тарагаад тав дахь жилтэйгээ золгож байгаа ч угаарын хийн хордлого буурсангүй. Харин ч нэмэгдсээр. Сүүлийн долоон жилд 779 хүн угаарын хийн хордлогоор амиа алдсан. Сүүлийн хоёр жил угаартаж буй иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа гэх.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "51 мянган угаар мэдрэгч худалдаж авахад бэлэн болсон" гэсэн юм. Ийн өчнөөн тэрбумаар худалдаж авч буй угаар мэдрэгч хэрэгтэй үедээ ажиллахгүй бол дэмий зардал болсонтой агаар нэг. Угаар мэдрэгч хэрэгтэй үедээ дугарч хэдэн хүний амийг аварсан бол?
Угаар мэдрэгчийг хэдий айл бүрт байршуулдаг ч угаарын хийн улмаас амь насаа алдах иргэдийн тоо буурахгүй байна. Эндээс "төрөөс тарааж буй угаар мэдрэгч ажиллахгүй байгаа юм биш биз" гэх асуулт урган гарч ирж байна.
ОБЕГ-аас Айл өрх, иргэдийг угаарын хий мэдрэгчийг шалгахыг анхааруулдаг. Хэрэв угаарын хий мэдрэгч төхөөрөмж эвдэрсэн, гээсэн эсвэл зай хураагуур нь дууссан бол эрсдлээс сэргийлэхийн тулд худалдааны төвөөс шинэ төхөөрөмж авах, зай хураагуурыг сольж байхаар зөвлөж байна.
Угаарын хий мэдрэгчийн ажиллагаа:
Улаан гэрэл: Угаарын хий аюултай түвшинд хүрч, анивчсан гэрэл болон дохиолол дуугарч, угаартах эрсдэл үүссэнийг илтгэнэ.
Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал төхөөрөмж хэвийн ажиллаж байгааг илтгэнэ.
Шар гэрэл: Мэдрэгч эвдэрсэн үед шар гэрэл анивчиж, дохиолол дуугарна.
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учраас хүмүүс өөрсдийгөө угаартаж байгааг мэдэхгүй байдаг. Иргэд зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж байхыг анхааруулж байна.