Хаврын улирал эхлэхэд хүмүүсийн харшлын үе дагаад хөдөлдөг. Харшил соёлт нийгмийн хүн төрөлхтний санаа зовох ёстой асуудал болоод байгаа учир Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг болсон билээ. Мөн арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлоод байна.
Дэлхий дахинд оршин буй долоон тэрбум хүний 50 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
Манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна.
Харшил үүсэх шалтгаан:
Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:
Бүх төрлийн ургамал
Химийн /будаг/ болон эмийн бодис
Хүнс, хоол тэжээл
Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/
Хөгц
Шавьж
Амьтны үс, ноос
Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
Нарны хэт ягаан туяа
Агаарын бохирдол
Хөрсний элэгдэл
Агаарын хүйтэн хэм зэрэг болно.
Шинж тэмдэг
Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах,
Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх ), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.
Харшлын урьдчилан сэргийлэлт
Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.
Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.
Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.
Харшил удамшдаг
Харшлын өвчин нь халдварладаггүй харин удамших хандлагатай байдаг.
Диатезтай хүүхэд төрөх магадлал:
эцэг харшилтай бол 25%,
эх харшилтай бол 50%,
Хоёулаа харшилтай бол 75% байна гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Мөн эхийн жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй. Ээж нь жирэмсний хордлоготой байсан, ханиад хүрч байсан, эх нь архаг өвчнүүдтэй байсан зэрэг нь диатезтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө.
Жирэмсэн үедээ эм, ялангуяа антибиотик замбараагүй хэрэглэх, согтууруулах төрлийн зүйл ихээр хэрэглэх, архи уух, тамхи татах, будаг химийн, хортой бодистой ажиллах болон бусад хортой нөхцөлд ажиллах, ядрах, төрөл бүрийн амтлагч, халуун ногоотой хоолыг ихээр хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хэвлийд байгаа урагт нөлөөлж байдаг.
Та бидний анзаардаггүй ч харшил үүсгэж байдаг зүйлс бий.
Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээс харшлах
Өмнөх угаалгын бодисуудтай адил харшил үүсгэдэг тодорхой ахуйн бодисууд гэрийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Ийм харшилтай бол тухайн бүтээгдэхүүн арьсанд хүрэх төдийд улайж, загатнана.
Ном
Номонд дурлагсдын хувьд шинэхэн хэвлэсэн, будаг нь ханхалсан номын үнэр диваажин шиг л санагддаг бол зарим хүмүүст энэ үнэр хамрыг нь битүүрүүлж, толгойг нь өвтгөдөг байна. Хэрэв та тоосонцорт мэдрэмтгий, харшилтай бол цаасан бус электрон номууд уншиж байгаарай.
Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн
Химийн найрлагатай тос, лосьон зэргээс харшлах харшил элбэг байдаг. Яг ямар найрлагаас харшилж байгаагаа мэдэхгүй байвал мэргэжлийн эмчид үзүүлэн сорил тавиулаарай. Мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ солихыг зөвлөж байна.
Зохиомлоор тарьж ургуулсан жимс
Алим, киви, тоор гэх мэт зохиомлоор тарьж ургуулдаг жимснүүдийг идэхэд уруул тань хавдаж, хоолой хорсон загатнадаг бол танд харшилж байна гэсэн үг. Ийм харшил бага насны хүүхдэд тохиолдох нь бага бөгөөд харин өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог.
Гар утас, таблет
Өнөө үед ухаалаг утас, таблетгүйгээр бид амьдралаа төсөөлөх аргагүй болоод байна. Гэвч зарим хүмүүс металл, төмөр зэрэг зүйлсээс харшилтай учраас дээрх технологиудыг ашиглаж чаддаггүй. Ийм харшилтай хүмүүсийн арьс улайж, загатнаж, чих, хацрын арьсан дээр тууралт гардаг байна. Хэрвээ танд ч гар утас, таблетаа хэрэглэхэд ийм шинж тэмдэг илэрч байвал хэрэглээгээ багасгах, чанга яригч ашиглах зэргээр шийдээрэй.
Анхаарах бусад зүйл
Эмч харшлын эх үүсвэрийг зөв тодорхойлоход туслахын тулд тэмдэглэл хөтлөөрэй: харшлын реакц ямар үед, яасны дараа үүссэнийг марталгүй тэмдэглэнэ. Харшлын эсрэг эм гар дор бэлэн байлгана. Харшлын эсрэг эм уусан ч долоо хоногтоо хэд хэдэн удаан харшлын реакц хөдөлбөл мэргэжлийн эмчид заавал хандана уу.