Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирус нь бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн нэгэн адилаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл ханиаж найтааж байгаа хүнтэй ойрхон байх, вирусээр халдварлагдсан гадаргууд хүрэх, бохирдсон гараараа нүд, ам зэрэг гадны нян бактер амархан орох хэсгүүдэд хүрснээр халдвар авна гэсэн үг. 

 

Цагт багадаа 16 удаа нүүрэндээ хүрдэг судалгаа бий

 

2008 онд хийгдсэн судалгаагаар оффисын 10 ажилтанд 3 цагийн турш ажиглалт хийхэд тэд дунджаар 16 удаа нүүрэндээ хүрч байсан байна. Мөн 2015 онд Австралийн нэгэн их сургуулийн анагаахын ангийн 26 оюутанд хөндлөнгийн ажиглалт хийж, тэд цаг тутамд 26 удаа нүүрэндээ хүрч буйг тогтоожээ. Хүний нүүрний талаас илүү хувь нь тодруулбал ам, хамар, нүд зэргээр дамжин биед бактери орох өндөр эрсдэл дагуулдаг. Үүнийг сайтар мэддэг эмнэлгийн ажилтнууд хүртэл 2 цаг тутамд дунджаар 19 удаа нүүрэндээ өөрийн мэдэлгүй гараа хүргэдэг байна. Завгүй ажиллах үедээ хүмүүс хөлөө сэгсрэх, биеэрээ ганхах зэрэг хөдөлгөөн хийдэг бол хурал уулзалт, утсаар ярих, төвлөрөх гэж оролдох, эргэцүүлж бодох үедээ нүүрэндээ хүрэх зуршил их байдаг аж.  

 

Гэхдээ энэ бол засаж болох зуршил 

 

"Northwestern Medicine Huntley" эмнэлгийн клиник сэтгэл судлаач  Закари Сикора коронавирусийн дэгдэлтийн энэ үед нүүрэндээ гараа хүргэх зуршлаас хэрхэн ангижрах тухай зааварчилгаа хүргүүлжээ.  Тэрээр "Гараа нүүрэндээ хүргэж болохгүй гэдгийг цаг ямагт санаж бай. Хэсэгхээн завсарлага авахад гараараа юу хийж байгаагаа хянаж болно" гэжээ. Түүнчлэн үүнийг цаасан дээр бичээд нүдэнд ил харагдах хэсгүүдэд наа. Ингэснээр гараа нүүрнээсээ хол байлгах ёстойг санах болно. Бас гараа тогтмол завгүй байлга. Зурагт үзэж байгаа бол угаасан хувцсаа индүүдэх, и-мэйл хаягаа шалгах эсвэл гартаа ямар нэг зүйл барьж суу. Үүнээс гадна анхилам эсвэл хурц үнэртэй гарын тос, гар ариутгагч гартаа түрхэж энэ үнэрээр гараа хаана байгааг анзаарснаар өөрийн мэдэлгүй нүүрэндээ хүргэхээ болино. Мөн гадуур гарахдаа үргэлж бээлийгээ өмсөж байх нь бохир гадаргууд хүрэх эрсдлээс сэргийлэх хамгийн чухал алхам юм. 

 

Дахин сануулахад, нүд хамар ам зэрэг эрхтнүүд нь төрөл бүрийн халдварт өвчний вирус хүний биед дамжин орох хамгийн гол суваг болдог. Халдвартай гадаргууд гараа хүргэж, дараа нь нүүрэндээ хүрэхэд л халдвар дамжина. Гараа хэчнээн удаа угаасан ч өөрийнхөө биед вирус оруулахаас хамгаалж чадахгүй учир хамгийн гол нь гараа нүүрэндээ хүргэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. 

 

Эх сурвалж: Solongonews

 

 

Таны сурталчилгаа