Цаг үеийн мэдээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгино хайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ.

Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан Хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон. Мөн уг хэргийг Монгол улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад илэрсэн байна.

Хүрэн баавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн 8 савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан шалгалтын ажиллагааг хийж байна.

Хүрэн баавгай Монгол орны ховор амьтдын нэгд тооцогддог. Тухайлбал, баавгайнхны овогт багтдаг бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн байдаг.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэсэн. Үүнээс гадна хүрэн баавгайн тархац нутгийн 21 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан байдаг.

Таны сурталчилгаа