Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргасан ба гомдлын хариу ирсэн тухай өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрээр "Миний бие Хотын даргын ажлыг аваад яг 1 жил 1 сар болжээ. Энэ хугацаанд зарим нэр бүхий хүмүүс ”108 Хүүр ухдаг хужаагийн хүүхэд”, “Хятадын эрлийз” гэх зэргээр удаа дараа гүтгэн, эцэг өвгөд, удам судрыг минь зохион байгуулалттайгаар, хүний ой тойнд оромгүйгээр доромжилж байсан тул энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан юм.
Уг албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгаа бөгөөд миний эцэг Ишбалын Сайнбуян нь 1924 онд, эх Зулын Цэвээн нь 1932 онд одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг бататгажээ.
Мѳн С.Амарсайхан миний гарал үүсэлтэй холбоотой үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тараасан, биечлэн гүтгэсэн иргэн Ц.Батмөнх, Г.Батбаяр, Б.Даваа нарын үйдлийг эрүүгийн гэмт хэргийн харъялалын дагуу Цагдаагийн байгууллагад шалгуулах нь зүйтэй тухай дурьджээ. Цаашид цагдаагийн байгууллагад хандаж нэр бүхий хүмүүс, тэдгээрийн захиалагч нарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг тавих болно.
Үүнийг бичиж байгаагийн учир нь бид улстөрийн зорилго, хувийн сонирхол, үзэл бодлын зѳрүүгээр хувь хүн, эрхэлж буй ажилд нь шүүмжлэлтэй хандаж болох ч хэн нэгний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, удам судрыг нь үндэслэлгүй гүтгэж, гутаан доромжилж болохгүй, ийм тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгуулахыг зорилоо.
Монгол хүн бүрийн хувьд удам судар угсаа гарваль нь хамгийн эрхэм нандин, үнэ цэнэтэй зүйл байдаг. Энэ үнэн бодит түүхийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, зохиох, нулимах эрх байхгүй! гэжээ.