Хан-уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлангаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” аяныг эхлүүлээд байна. Эл өдрийг анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.
Хан-Уул дүүрэг нийт 195 539 хүн амтай бөгөөд түүнээс 0-18 насны 70 мянга орчим хүүхэд байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 онд ирсэн нийт 350 дуудлагаас 122 дуудлага, 2019 оны 261 дуудлагаас 68 нь бие махбодийн хүчирхийллийн дуудлага байсан байна. Үүнээс үзэхэд нийт дуудлагын 31 хувийг хүүхдийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага эзэлж байгаа юм.
Дуудлага гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулахад архины хамаарал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сонгож хэрэглээгүй, харилцааны зөрчилтэй байдал зэргээс үүсчээ.
Иймд нийт эцэг эхчүүддээ хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг арга хэрэглэж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг таньж мэдэн, хүүхдийнхээ дотны найз байхыг уриалж байна.