Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” А/43 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/359 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мал амьтны гоц халдварт болон халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг Чингэлтэй дүүргийн мал эмнэлэг Содхан ХХК-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд нохойны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулгалт, ариутгалын ажлыг зохион байгуулах бөгөөд дүүргийн 14 дүгээр хорооны айл өрхийн нохойны вакцинжуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Чингэлтэй дүүрэгт 2019 оны статистикийн тооллогоор 8.7 мянган нохой, муур тоологдсон бөгөөд вакцинжуулалтын ажлыг 10 дугаар сар хүртэл хороо тус бүрээр зохион байгуулах юм.
Шинэчлэгдэн батлагдсан “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-аар төлөвлөгөөт вакцинжуулалтад тэжээвэр амьтнаа хамруулаагүй тохиолдолд тухайн амьтны эзэн нь хариуцлага хүлээгдэхээр заагдсан тул Иргэд оршин суугчид та бүхэн харьяа хороондоо хандан вакцинжуулалтын ажилд тэжээвэр нохойгоо бүрэн хамруулахыг уриалж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС