Коронавирусийн халдварын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байгаа билээ. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер, интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.
Бүгд Найрамдах Франц Улс тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сургуулиудын үйл ажиллагааг сэргээж эхлэх бөгөөд гэртээ суралцах боломжгүй сурагчид уламжлалт сургалтын хэлбэрт түрүүлж орох ажээ.
"Хичээлийн жилийг амжилттай дуусгахад бид урьд өмнө байгаагүй арга хэмжээг авах хэрэгтэй болно" гэж Die Welt сонины ерөнхий редактор Ульф Поршардт бичжээ. Тэрээр “Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. Коронавирус биднийг болон нөхцөл байдлыг төвөгтэй байдалд оруулж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарлахын тулд бидэнд бололцооны боловсролтой нийгмийн гишүүд хэрэгтэй. Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй”-г мөн тэмдэглэсэн байна.