Цаг үеийн мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Монгол цэрэг энхийг үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолбор хөшөөний ойр орчмыг моджуулах үүднээс  нэг энхийг сахиулагч нэг мод арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал  Д.Ганзориг, орлогч дарга бригадын генерал Ц.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Д.Дамдинцэрэн болон Төрлийн цэргийн командлал болон Барилга-Инженерийн удирдах газрын төлөөлөл, тэргүүн ахлагчид, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо. 

Нэг энхийг сахиулагч-Нэг мод арга хэмжээний хүрээнд гацуур, улиас, монос зэрэг 3 төрлийн 300 орчим модны суулгацыг тарилаа. Цаашид “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалт цогцолбор хөшөөний орчмыг битүү моджуулахаас гадна хүүхдийн тоглоомын газар, иргэд олон нийтийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрөөх чийрэгжүүлэх, бялдаржуулах орчмыг бий болгох тохижилтын ажлуудыг хийх юм.  Сонирхуулахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл нийт 973 га талбайд оршдог бөгөөд 183 га талбайг тохижуулсан бөгөөд одоогийн байдлаар тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгох, мод тарих ажлыг хийж байгаа юм. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй мод 98.5 хувийн амьдралтайгаар ургаж байгааг албаныхан энэ үеэр онцолж байв. Тиймээс энэхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажилд манай энхийг сахиулагчид ийнхүү гар бие оролцон мод тарих ажилд идэвхтэй хамрагдсаар байх юм.

Таны сурталчилгаа