Монголын улс төрд 60, эсвэл 17 гэдэг тоог зүгээр байлгадаггүй тохиолдол нүүрсний хулгай дээр ч давтагдлаа. 1997 онд, 25 жилийн өмнө 17 чингэлэг спиртийн хэргээр “Хаврын 17 учрал” киноны нэрийг сануулам улс төрийн адал балмад үйл явдлын шинэ анги ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. АТГ-аас зарласан 17 нүүрсчний жагсаалт 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдсон Женко Х.Баттулгын нэрээр эхэлж таараад байгаа нь энэ тоо Монголын улс төрд хараал шүглэсэн муу ёрын бэлгэдэл мөнөөс мөн болохыг батална. 17 чингэлэг спирт, Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн 17 тэрбум, Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийг зарлигаар чөлөөлсөн, татварын байцаагч нарын 17 тэрбум, эцэст нь энэ нүүрсний 17.
МАН-ын 9, АН-ын 8 гишүүн энэ 17-г бүрдүүлж байна. УИХ-ын гишүүн, шашин номын чин сүжигт, ариун явдалт, 14 настайдаа хамгийн сүүлд нүүрс хутгаж үзсэн, нэр, гар цэвэр Ц.Анандбазар “Унтаж байсан баавгайг сэрээлээ” гэж хэллээ. Ц.Анандбазар 1-рт баавгай, 2-рт, 2020 онд сонгогдсоноос хойш сэрэлгүй хурхирч байсан, 3-рт нэг бус охидыг дарамтлан унтаж байсан болж таарч байна. Төрийн ордонд баавгай ичээгээ засаад унтаж байтал, нүүрсний хулгай түүнийг сэрээжээ. Хана туурга нь цуураад эхэлсэн төрийн ордонд баавгай сэрээд баганыг нь хуга алгадан хүрхэрч, хүү татан уурлавал аюул болно. Нүүрсний 17 дотор “Ажнай” гэдэг морин дээр ийнхүү нэг баавгай нэмэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй гэж барин тавин мэдэгдлээ. Тэрбээр Өмнөговь аймаг, Тавантолгойг газрын зураг дээр ч хайгаад олдоггүй боловч хувийнх нь компанийн салбарууд тэнд ажиллаж, түлш шатахуун олгодог юм. Б.Баттөмөр гишүүн Монголынхоо хамгийн том нүүрсний орд, төсвийн орлогыг бүрдүүлэгч, иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг Таватолгойн орд хаана байдгийг ч мэдэхгүй болтлоо амьдралаас, эх орноосоо тасран холдсон байж ч болох юм.
Монголын хилийн цэргийн жанжнаас Хятадын хөрөнгө оруулалттай “Импайр газ” компанийн захирлаар 2013-2016 онд 3 жил ажиллаад, ахиад Хил манахаар ирж асан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн зүүгээр хатгаад байвал зүгээр суухгүй гэдгээ тоглосон шинжгүй хэллээ. Генерал цолтой, цэргийн хүн зүүгээр хатгууллаа гээд зөрүүлээд тэвнэ гаргаж ирж мэдэхээр байна. Монголын хилийн цэргийн генерал нүүрсний хятад компанид юу хийж байсан юм бэ? Энэ бол зүү гэнэ үү, тэвнэ гэнэ үү, зүгээр нэг асуулт бол биш шүү дээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижир нүүрс түлж явснаа нүүрс зарж явсангүй ээ гэж мэдэгдсэн. Тэрбээр Монголоо аврахын төлөө хятад пийжүү уун ярилцдаг зургийн эзэн юм. Орон нутгийн Тавантолгойнхон алга болсон 340 мянган тонн нүүрс бүгдээрээ шатчихсан гэж хэлсэн. Улаанбаатарын гэр хорооллын бүх айлын түлдэг нүүрсний 50 хувь шатчихсан бол унтраах гэж юу болох, утаа нь яаж хөшиглөн суунаглах байсан бэ гээд бодоод үз дээ.
Балжинням, Дашням давхацсан гэдгийн яг эсрэгээр нүүрсний хулгайд 17 ба 60 гэдэг бас муу ёрын тоо давхралдах гэж байна. Эхлээд 17-г зарласан бол тун удахгүй 60 болж нэмэгдэх тухай мэдээ гараад эхэлсэн шүү. 17, 17, 17. 60, 60, бас жар. Энэ хоёр тоонд буруу байхгүй л дээ. Зүгээр л хэлсэн юм.