Монголын мэргэн буучдын дунд зохион байгуулдаг ууган тэмцээнүүдийн нэг “Жанжны мэргэн бууч” тэмцээн эхэллээ. “Монголын үнэн” сонин, Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулдаг эл тэмцээн 58 жилийн түүхтэй юм.
1920 онд “Монголын үнэн” сониныг санаачлан хэвлүүлж, 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, МАН-ыг үүсгэн байгуулсан Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна. “Жанжны мэргэн бууч” тэмцээн “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв”-д болж байгаа бөгөөд 12 дасгалд 160 орчим тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа юм. 2024 оны хувьд 10 хоногийн өмнө буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсөн. Тэгвэл дотооддоо зохион байгуулж буй хоёр дахь тэмцээн нь “Жанжны мэргэн бууч” болж байна.
Дотоодын хоёр том тэмцээн ойрхон болж буй гэдгээрээ энэ удаагийн “Жанжны мэргэн бууч” нэлээд өрсөлдөөнтэй болохыг шүүгчид онцоллоо. Энэхүү тэмцээн нь олимп, тив, дэлхийн аваргын медальтнуудын гараа тавигдсанаараа онцлогтой. Монголын мэргэн буучид дөрөвдүгээр сард олимпын эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцоно.
Тодруулбал, Бразилын нийслэл Рио Де Жанеро хотод болох дэлхийн цомын тэмцээнд олимпын эрх олгосноор Парисын олимпод өрсөлдөх мэргэн буучид бүрэн тодрох юм. Тэгвэл “Жанжны мэргэн бууч” нь дээрх тэмцээний өмнөх хамгийн том сорилго болж байна.