Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22 дугаар хороонд нэг гэр бүлийн хамаарал бүхий зургаан иргэн нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар угаартаж нас барсан байж болзошгүй хэмээн мэдээлээд байна. Уг хэргийн мөрөөр сурвалжлав. 

2025 оны хоёрдугаар сарын 6-ны 12:00 цаг орчимд БГД-ийн 22 дугаар хороог зорин очлоо. Хорооны байр нь 3, 4 дүгээр хорооллын хойд талын гэр хорооллын дунд байрладаг аж. Өргөө кино театрын арагш нэлээд өгсүүр газраар бараг 2 км гаруй явсаар зам дагуу байх хорооны байрыг оллоо. Хороо руу ороод Нийгмийн ажилтнаас мэдээлэл авахыг хүссэн ч “Мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Хорооны Засаг даргатай уулзах хүсэлт тавьсан ч “Дүүрэг рүү дуудагдсан тул одоогоор эзгүй байна” гэв. Ингээд холбогдох утсыг нь авч хэдэн зүйл тодрууллаа. 

- ТӨСЛӨӨС ӨГСӨН ГЭРЭЭ БАРЬЖ АМЖИЛГҮЙ ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА-

БГД-ийн 22 дугаар хорооны Засаг дарга Ц.Баасандамбаас цөөн асуултад хариулт авав.

-Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсгэрт нэг ам бүлийн хамааралтай зургаан иргэн угаартсан. Энэ талаар хорооны Засаг даргын хувьд мэдээлэл бий юу?

-Шинжилгээний хариу нь эцэслэн гараагүй байгаа юм билээ. 

-Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр угаартсан гэсэн?

-Эцсийн хариу тав дахь өдрөөс гарах тухай мэдээлэл байна.

-Ямар айл байсан юм бол. Дөрвөн хүүхэд, хоёр том хүн байсан гэж үнэн болов уу?

-Мэдээллийг нэгдсэн байдлаар дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас өгөх байх. Хороотойгоо нягт хамтран ажилладаг, ойрхон байдаг айлуудын нэг байсан л даа. Хоёр хүүхэд нь олон улсын байгууллагын ивээн тэтгэдэг хөтөлбөрт хамрагдсан. 2024 онд төсөлд хамруулаад гэр болон дулаалгын багц өгч байсан. Тэр гэрээ барьж амжилгүй харамсалтай хэрэг гарлаа. Саяхан бас төсөлд хамруулаад “Нүүдэлчин” шинэ зуух өгсөн байсан. Түүнийгээ гэрээ барьчхаад тавина гэж байсан юм. 

-Угаар мэдрэгчтэй байсан уу?

-Нэгдүгээр сарын 18, 19-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 9000 гаруй албан хаагч шалгалт хийж явсан. Тэр үеэр ороход судалгаа маш сайн хийгдсэн. Google map-аас координат үүсгээд, google forum үүсгэсэн судалгаанд хамрагдсан. Онцгой байдлын алба хаагч болон хорооны судалгааны ажилтнууд угаар мэдрэгчийг нь шалгасан. Тогонд залгадаг угаар мэдрэгчтэй, ажиллагаа хэвийн гэж гарсан байна лээ. Өмнөх орой нь хүртэл хорооны хэсгийн ахлагч холбогдож ярьсан юм билээ. Хүнсний талонд хамрагддаг, хорооноос өгч болох бүх үйлчилгээг авч байсан.

-Хэдээс хэдэн насны хэдэн хүүхэд байсан юм бол?

-Хувийн мэдээлэлтэй холбоотой болохоор хэлэх боломжгүй байна. 

-Үлдсэн хүмүүстэй нь уулзсан уу?

-Ар гэрийнхэн нь сэтгэл санаа хүнд байгаа. 

-Танай хороонд өмнө нь угаартсан тохиолдол гарч байсан уу?

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Угаартаад эмчилгээ хийлгэсэн тохиолдлууд ганц нэг бий. Би судалсан л даа. Хүйтэн ч биш, дулаан ч биш завсрын үед угаартах тохиолдол их гардаг юм билээ. Тэгээд битүү орчинд гардаг юм байна. Монгол гэрт угаартах тохиолдол их байдаг. 

-Хорооны хэмжээнд гэр хорооллын айлууд бүгд угаар мэдрэгчтэй юу?

-2024 онд гэр хорооллын бүх айлд угаар мэдрэгч тараасан. 2025 он гараад эрсдэлт болон эмзэг бүлгийн айлуудад дахин тараасан. Буцаагаад долоо хоногийн дараа шалгахад зайг нь буруу харуулаад хийчихдэг, муухай дуутай гээд унтраачихдаг, салгачихсан тохиолдол бараг 90 гаруй хувь нь байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд агаарын солилцоо болон угаар мэдрэгчийг байнга л ажиллуулах хэрэгтэй байгаа юм. 

-ЗАЙЛУУЛ ЦЭРЭГТ ЯВСАН ХҮҮ НЬ ШАР МАХТАЙГАА ХАТАХ НЬ ДЭЭ...-

Хорооны байрны хажууд байрлах найман нэрийн дэлгүүрт орлоо. 40 эргэм насны хоёр үйлчлүүлэгч худалдагч эртэй буу халан зогсож байгаад худалдан авалт хийхээр лангуу руу явав. Худалдагчийн дэргэд нь очоод 

-Энэ хавьд нэг айхавтар хэрэг гарсан талаар та дуулсан уу?

-Аан тэр үү. Дуулах нь дуулсан.

-Хаана байдаг айл юм бол?

-Доошоо нэлээд уруудаад байдаг айл шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна гэв.

Худалдагчтай буу халж зогссон хоёр эр авах зүйлээ сонгоод эргэн ирж бичүүлэв. 

Тэднээс асуухад:

-Яагаав нөгөө О-гийнх зайлуул гэр бүлээрээ байж байгаад угаартаад маани болсон байна лээ шүү дээ гэхэд хажууд нь зогсох эр “Ямар О” гэж тодруулахад “Х дэлгүүрийн өөдөөс харсан хашаанд амьдардаг олон хүүхэдтэй эмэгтэй байгаагүй юу?

-Аан тийм. Тэр ч тэгвэл айхавтар зүйл болжээ гээд бодлогошронгуй царай гаргаад чимээгүй болов. 

-Гэр нь аль хавьд гэнээ ах аа?

-Дороос өсөх замд урагшаа харсан дэлгүүр байгаа. Тэрний өөдөөс харсан хашаанд л амьдардаг байсан юм.

-Ямархуу айл байсан юм бол?

-Олон хүүхэдтэй эмэгтэй байсан. Зайлуул цэрэгт явсан хүү нь шар махтайгаа хатах нь дээ...

-Тийм том хүүтэй юм уу?

-Дараагийн охин нь бараг оюутан байх шүү...

-Тухайн үед зургуулаа байсан гэсэн үү?

-Тэрийг нь сайн мэдэхгүй. Энэ хавиар сүүлийн үед шивэр авир гээд яриад байсан. Тийм дуулдана лээ.

-ОХИН НЬ ШАЛГАЛТАА ӨГӨӨД ТЭНЦВЭЛ ЗУНЫ АМРАЛТААРАА ЭНД АЖИЛЛАНА ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН-

Ингээд дэлгүүрээс гараад нөгөөх дэлгүүр рүү уруудлаа. Хорооны байраас нэлээд уруудаад эгц урагш харсан найман нэрийн дэлгүүрийн хаяг зурайв. Дотогш орлоо. Хижээл насны эмэгтэй худалдан авалт хийгээд гарсны араас худалдагчаас асуулаа.

-Танай энэ хавьд айхавтар зүйл болжээ дээ?

-Тэгж сонсогдоод байгаа.

-Юу болсон талаар та мэдэх үү?

-Олон хүүхэдтэйгээ угаартсан гэж дуулсан. Орсон гарсан болгон л ярьж байна. 

-Та энд хэр удаан ажиллаж байна. Танай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан уу?

-Би энд ажиллаад удаагүй. Том охин нь оюутан болох гээд шалгалт өгч байгаа гээд саяхан инээгээд явж байсан юм сан. Өмнө нь энд ажилладаг байсан юм билээ. Шалгалтаа өгөөд тэнцвэл зуны амралтаараа энд ажиллана гэж ярьж байсан. 

-Гэр нь яг хаана юм бол?

-Гудамж өгсөөд урагшаа эргээд байдаг гэсэн. Би бас сайн мэдэхгүй л байна гэв.

Дэлгүүрээс гараад гудамж руу өгслөө. Урагш эргээд удаагүй байтал хаалга нь нээлттэй хашаа байв. Гэр хорооллын энгийн л амьдрал. Жижигхэн өвлийн шавар байшин. Гадаа нь нэг зуух ил харагдана. Хашаа ил хуль байлаа. 

-ОДБАЯР АА! БУРУУ ЗҮЙЛ ЯРИВ-

Энэ үеэр том хүү болох О.Одбаяр Төрийн ордны гаднаас мэдээлэл хийснийг хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулав. Энэ үеэр ах, эгч гэх хоёр хүн Одбаяр аа! Буруу зүйл ярив. Яах гэсэн юм бэ. Нааш ир хэмээн цэргийн хүүг мэдээлэл өгүүлэхгүй авч явахаар зэхэж байлаа. Зарим хэвлэл мэдээллийг ах эгч нь гэх хүмүүс мэдээлэл хийхгүй хойшлогдсон хэмээн буцаасан байна. Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч О.Одбаяр:

-ГУРВАН ДҮҮГЭЭ, ЭЭЖИЙГЭЭ ЦЭРЭГТ ЯВААД ИРТЭЛ АЛДЧИХЛАА ГЭХЭЭР МАШ ХЭЦҮҮ БАЙНА-

Цэргийн ангиас надад чөлөө өгөөд би нэгдүгээр сарын 26-нд гэртээ ирсэн. Би дөрвөн дүү, ээжийгээ алдчихлаа. Надад маш хэцүү байна. Өмнө нь нүүрс түлж байхад хүмүүс угаартлаа гэж ярьдаггүй байсан шүү дээ. Тэгтэл шахмал түлшнээс болж олон хүн амь үрэгдлээ. Би маш их гомдолтой байна. Надад өмгөөлөгч байхгүй. Ганцаархнаа үлдлээ. Ах дүү нартаа хандъя гэхээр ярилцлага өгүүлэхгүй гэсэн. Би хандах газраа мэдэхгүй, яах учраа олохгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард шилжин явах томилолтоор Увсаас Сүхбаатар аймаг руу шилжихдээ ээж дүү нартайгаа уулзсан. Хамгийн сүүлд ээжтэйгээ 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд ярьсан. Ээж минь миний хүү халагдаад ирэхэд эхнэр хүүхэд авахаар боллоо доо гээд ирээдүйнхээ тухай жаахан ярьсан. Миний жаахан дүү нар юугаа ч мэдэхгүй байж байгаад ийм зүйл болчихлоо. Миний дүү нар 6, 9, 15, 17 настай хүүхдүүд байсан. Ээж минь 1983 оных. Ах ээжээс 4-5 ах хүн. Энэ талаар гэртээ ирээд л мэдлээ. Гэр рүүгээ ороход ширээ засчихсан, тавгийн идээ тавьсан байсан. Ах тайван байгаарай. Иймээ тиймээ юм ярьж болохгүй гэсэн. Гэртээ ортол манайхан сэтгэлээ бариарай. Ээж чинь гурван дүүтэй чинь, Сарнай дүү нь, Сүхээ ах нь бурхан болчихлоо. Угаараас болоод ийм зүйл боллоо гэсэн. Гурван дүүгээ, ээжийгээ цэрэгт яваад иртэл алдчихлаа гэхээр маш хэцүү байна. Миний амьдрал цаашдаа маш бүрхэг болчихлоо. Хөөрхөн дүү нар минь юугаа ч мэдэхгүй байж байгаад өөд болчихлоо. Манай ээж нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Бид хэдэд сайн ханддаг. Сайн ээж байсан. Бид аавгүй. Гэхдээ манай дүү нарыг ээж минь сайхан өсгөсөн. Хүний дайтай хүн болгож байсан. Хичээл номд нь бүгдийг нь явуулдаг. Хамгийн том дүү минь коллежоо төгсөж байсан. Багш нь ирээд хэлсэн. Танай дүү хамгийн түрүүнд ирдэг. Сайн сурлагатай, сайн охин байсан. Хичээлүүдийн дүн нь сайн гарч байсан. Танай дүү дээшээ сурна. Жүжигчин болно гэж ярьж байсан гэсэн. Дунд дүү минь гуравдугаар ангид сурч байсан. Бага дүү минь нэгдүгээр ангийн сурагч байлаа. Нэгдүгээр ангиа төгсөхөд нь ах нь цэргээс халагдаад ирлээ гээд бахархалтайгаар бэлэг барих байтал ийм зүйл болчихлоо. Нүүрс түлснээрээ бид уушгины өвчнөөр үхэж байна. Өмнө жил арван хүн угаартсан. Хүүхэдтэйгээ хамт өглөө нь босоогүй хэрэг байсан. Монголчуудаа улны амьдралаар амьдруулж байна. Бүх зүйлийн татварыг нэмдэг. Амьдрах нөхцөлийг байхгүй болгож байна. Ард иргэд нь улам доройтож байна. Амьдрах хүсэл зориг нь мөхчихсөн, амьдрахад улам бэрх боллоо. Зөвхөн өдөр хоногийнхоо хоолыг л залгуулж байна. Үйлчлэгч хийгээд 1.2 сая төгрөгийн цалин авч байхад тогны мөнгө нь 700 мянга гарч байна. Хоёр хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд үнэндээ бэрх болсон. Өнчин өрөөсөн хүмүүс байна. Ар гэрийн боломж муу өч төчнөөн хүмүүс бий. Гэтэл ард иргэдээ бодохгүй л байна. 

Ах хэлэхдээ сайжруулсан түлшний хүмүүс үүдэнд нь ирээд угаар мэдрэгчийг нь шалгахдаа ам бүл хэд вэ гэж мэдээлэл аваад л гарын үсэг зуруулаад л явсан байна лээ. Тавантолгойгоос хүмүүс ирээд бага сага мэдээлэл өгөх нь өгнө. Гэхдээ айлдаа ордоггүй байсан. 

Намайг мэдээлэл хийж болохгүй гэсэн. Хэрвээ намайг мэдээлэл хийлээ гээд шалгавал би шалгуулаад явна. Ээж дүү нарынхаа төлөө чадах ядахаараа бүх зүйлээ хийнэ. Монголын ард түмэн надад туслах байх. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй. Надад хууль зүйн зөвлөгөө өгөх өмгөөлөгчид хэрэгтэй байна. Та бүхэн тусламж үзүүлээч. 

ӨРӨӨ ХҮСВЭЛ БИД ТУХАЙН ЦЭРГИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

Хугацаат цэргийн алба хаагч, байлдагч О.Одбаярын мэдээлсний дагуу бид Хил хамгаалах ерөнхий газраас тодрууллаа. 

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Г.Чинзоригоос тодруулав. 

-Тухайн цэрэгт чөлөө өгөх дөө  болсон үйл явдлын талаар яагаад мэдээлээгүй вэ? 

-Нэгдүгээрт, эцэг хүний хувьд, хоёрдугаарт, мөр зэрэгцэн алба хааж байсан хилчний хувьд цэргийнхээ ар гэрт болсон үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн цэргийн штабаас тухайн цэрэгт ар гэрийн гачигдал гарсан талаар чөлөө хүссэн албан бичиг очсон. Энэ дагуу маш хурдан хугацаанд шийдвэрлээд цэргийн албан хаагчдаа чөлөө өгч явуулсан. Тухайн үед тэнд ажиллаж буй албан хаагч, удирдлагуудад нь маш хүнд байсан байх. Тухайн үед ээж нь, дүү нар нь амь эрсэдсэн байна гэдэг мэдээллийг хүргэнэ гэдэг маш хүнд шүү дээ. Замдаа янз бүрийн байдал үүсэх вий гэж эмээсэн байж болзошгүй. 

-Цэргийн ангиас нь тухайн цэргийг хэвлэлд мэдээлэл өгч болохгүй гэх мэт дарамт шахалтууд ирсэн гэх мэдээлэл бий? 

-Түрүүхэн тодрууллаа. Нагац эгчтэй нь ангийн захирагч нь ярьсан юм билээ. Ямар нэгэн байдлаар дарамталсан асуудал байхгүй. Харин захирагч нь ямар нэг байдлаар тусламж дэмжлэг юу байна вэ, бид тусалъя гэж мэдэгдсэн байна лээ. 

-Тухайн цэргийг халж байгаа гэх мэдээлэл байна. Хил хамгаалах ерөнхий газраас дэмжлэг үзүүлэх үү? Цаашид ямар арга хэмжээг авах вэ? 

-Цэргийн албанаас халах асуудал бол байлдагч маань эхлээд өргөдөл гаргасан байгаа. Өргөдөл нь Нийслэлийн цэргийн штабаар дамжаад манайд нэгдүгээр сарын 29-нд албан тоотоор хандсан. Үүнийх нь дагуу хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Ер нь хуулийнхаа дагуу халагдсан гэсэн үг. Мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй болсон учир дэмжихэд бэлэн байна. Цэрэг өөрөө хүсвэл бид тухайн цэргийг ажлын байраар хангах бүрэн боломж байна. Цэргийн сургуульд явуулна. Эхний ээлжинд ийм зүйлс бий.

-МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ НУУЦ ГЭДЭГ БОЛ ТУХАЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД ХАМГИЙН ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ-

Үүний дараа Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийв. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: 

Амь хохирогчийн хамаарал бүхий хүн болох түүний дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоож буюу хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Өнөөдөр мэдээлэл хийсэн иргэн О хугацаат цэргийн алба хааж байсан учир цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Хохирогчийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж мэдүүлэг аваагүй. Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар шинжилгээнүүд явагдсан. Дүгнэлтүүд тодорхой хугацааны дараа мэргэжлийн шинжээчдийн албан ёсны дүгнэлтээр тогтоогдоно. Урьдчилсан дүгнэлтээр дээрх зургаан амь хохирогч угаартсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна. Нарийн дүгнэлт гарсны дараа мэдээллийг өгөх болно. 

-Цагдаагийн байгууллагаас амь хохирогчдын ар гэрээс мэдүүлэг авах даа, хэвлэл мэдээллийн байгууллагад хандвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж гарын үсэг зуруулсан гэдэг асуудал яригдсан... 

Аливаа гэмт хэрэг тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг бол тухайн хэргийн шийдвэрлэлтэд хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс хохирогч иргэн О, түүний дүүд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбарлаж, ойлгуулсан. Түүнээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч болно, болохгүй гэж хэлээгүй. Тийм хууль ч байхгүй. Өнөөдөр мэдээлэл өгсөн хугацаат цэргийн албан хаагч О-г дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Амь хохирогчийн хүү О мэдээлэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй, ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй.

Гэвч өчигдөр орой хаанаас гарсан нь мэдэгдэхгүй албан эх сурвалжийн мэдээлэл задарлаа. Тухайн гэр бүлийн зураг, нэр төрийг бүгдийг нь гаргажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Эхлээд хэргийн албан мэдээ мөн эсэхийг тогтооё. Мөн бол задруулсан албан тушаалтныг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэв. 

С.ОТГОНБАЯР 

Таны сурталчилгаа