Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
2025 оны төсөвт тодотгол хийж байна. Зам тээврийн салбарын төсвөөс хасагдсан зүйл бий юу?
38 төсөл хэрэгжихээс 29 нь үлдээд есийг нь хассан. Хамгийн түрүүнд Тэрэлжийн дөрвөн эгнээ зам, Дархан-Алтанбулагийн дөрвөн эгнээ зам, Хэнтийн Дадалын аялал жуулчлалын 59 км зам, Халх гол-Хэрлэн гэсэн 69 км зам гэх мэт төслүүд хасагдсан.
Хасагдсан замуудын төсөв хэдэн төгрөг вэ?
Найман төсөл хасахад 1 их наяд төгрөг хүрнэ. Яагаад гэвэл манай нийт хөрөнгө оруулалтын төсвийн 23 хувь нь дэд бүтцийн салбарт байсан.
Төсөв батлах үед Сэлэнгэ-Алтанбулагийн замыг Ази европыг холбосон гол зам. Энэ замын төсвийг хасахгүй гэдэг зүйл ярьж байсан. Яагаад хасахаар болов?
Үүнийг хийх олон гарц байгаа. Замын-Үүд, Сайншанд, Чойр, Хөшигийн хөндий гээд замуудыг хойд талын Дарханы дөрвөн эгнээ замтай холбох Алтанбулаг-Дарханы дөрвөн эгнээ замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол хамгийн ашигтай замууд гэж тооцож байгаа. Мөн эдийн засгийн эргэлттэй. Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтэй замууд юм. Хамгийн түрүүнд мөнгө олох үнэ цэнтэй, дээрээс нь транзит тээвэр явна. Хоёрдугаарт хамгийн их экспорт явна, импортын ачаа бараа явж байгаа учраас замын үнэлгээ нь өндөр. Дөрвөн эгнээ 100 тоннын хүнд даацын зам дээгүүр төлбөрөө төлөөд явах гарцыг нь гаргаж өгнө. Одоогийн бага даацын замаар бага татвар төлөөд явж болно. Эсвэл өндөр даацын замаар өндөр төлбөрөө төлөөд ч явж болно. Сонголт нь байгаа.
Хөшигийн хөндийн замыг Богд уулаар явуулах ажил юу болж байгаа вэ?
Зураг төсөл, ТЭЗҮ сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. Нэгдүгээрт, үнэлгээний хувьд буруу пиар яваад байна. 5.5 их наядаар барина гэсэн худлаа ПиАр зориуд явуулаад байгаа. Хоёрдугаарт, үүнийг хийхээр бүтэн жил гаруй судалгаа хийсэн. Түгжрэлийн сайд байхдаа л энэ ажлыг авч байсан. Богд уулын амаар дүүрэн хаусууд байна. Бүр ухаж ороод битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс эхлээд Одон орон судлалын төв хүртэл битүү баячуудын хаус байна шүү дээ. Дээр нь баячууд хаус бариад бааж, шээгээд болж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийчихэд яагаад болдоггүй юм. Үнэн биз дээ.
Та өөрөө хаустай юу?
Надад хаус байхгүй. Би ард түмнийг зөв ойлгоосой гэж хэлж байгаа юм. Дээр нь хаус барьж бааж, шээж байгаа хүмүүсийг би ард түмэнд зориуд харуулна гэж бодож байгаа.
Тэр хаусуудыг яана гэсэн үг вэ?
-Байдгаараа л байна. Хүмүүсийн өмч хөрөнгийг буулгана, нураана гэж байхгүй. Өөрсдөө шүтдэг, биширдэг гэчхээд энэ хайрхныг өөрсдөө хэдэн талаас ухаж төнхөөд өөрсдөө сайхан тансаг амьдраад байхад ард түмний төлөө ганц гарц хийж яагаад болохгүй гэж. Би нэг л зүйлийг бодсон. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа. Тийшээ туннел гаргачихаар массын үйлчилгээ болчих учраас тэдний тав тухтай амьдралд халдаж байгаа байхгүй юу. Тэгээд худлаа ПиАр хийж байгаа гэж хардаж байна.
Тэгээд барих өртөг нь хэд болох вэ?
-700-800 сая ам.долларын өртгөөр барина. 5.5 их наяд бишээ. Түүнийг чинь 2 нугалж яриад байна шүү дээ. Зориуд хорлоод байна. Цаана нь ямар нэгэн эрх ашиг орчхоод байгаа.
-Баячуудад нь та бас орчхоод байна л даа?
-Оруулах үгүйгээ та бүхэн өөрсдөө мэднэ биз. Би ажил хийх гэж яваа хүн. Тийм зүйл хийхгүй шүү дээ. Дөрвөн уулынхаа урд гарч амьдрах боломж бололцоо дэд бүтэц, уул тойрсон LRT зэрэг аль болох олон дэд бүтэц хийж байж л энэ утаанаас сална.
-Цаашид авто замын засвар, арчлалт, хамгаалалтын ажил юу болох вэ?
-Энэ замууд аль 2000 оноос Мянганы зам гэдгээс эхлээд 24 жил болж байна. Эхний замаасаа эхлээд насжилт нь нэлээд явчихсан. Эвдэрч хэмхрэх нь их болсон. Тийм учраас цаашдаа зам засвар дээр онцгой анхаарал тавина. 1000-хан төгрөг төлөөд 1000 км явдаг байж болохгүй биз дээ. Би нэг жишээ хэлье. Бензиний том чиргүүлтэй машинууд, Замын-Үүдээс импортын бараа ачиж орж ирж байгаа том гүзээтэй машинууд, уул уурхайн бүтээгдэхүүн ачсан 100 тоннын ачаатай чиргүүлтэй машинууд энэ замуудыг чинь дуусгаж байна шүү дээ. Хураамжийг эргэж харах ёстой юм байна гэж би бодож байгаа.