Цаг үеийн мэдээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдэж, бага насныхан өндөр эрсдэлтэй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) өнөөдөр /2025.03.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус төвөөс улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй байгааг онцгойлон анхаарууллаа.

Нөхцөл байдлын тухай:

Батлагдсан тохиолдол: 8

Насны ангилал: 5 сартайгаас 38 нас хүртэл

Вакцин хийлгээгүй:

-9 сар хүрээгүй 3 хүүхэд

-5-14 насны 3 хүүхэд

-1 том хүн

Гадаадаас зөөвөрлөгдсөн: 5 (Зүүн Азийн орноор аялсан)

ХӨСҮТ-өөс эцэг эхчүүдэд дараах анхааруулгыг өглөө:

Вакцинжуулалт: Хүүхдүүдээ товлолт вакцинд бүрэн хамруулснаар улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Эмнэлэг болон олон нийтийн газар явах: Зайлшгүй шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэм сахих, хүүхдийн гарыг ариутгах, амны хаалт зүүх.

Дархлаажуулалтын төвүүд: 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй дархлаажуулалтын нэгж ажиллаж байгаа тул товлолт вакцинаас хоцорсон тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төв болон ойролцоох нэгжид хандах.

Вакцины бүртгэл шалгах: 2018 оноос хойш төрсөн хүүхдийн вакцинжуулалтын мэдээллийг И-Монголиа аппликейшн болон эх, хүүхдийн ягаан дэвтэр дээрээс нягтлах боломжтой.

ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх:

"Улаанбурхан өвчин бол агаар дуслын замаар дамждаг, маш өндөр халдварлах чадвартай өвчин. Өндөр халуурах, арьсан дээр толбон гүвдрүүт тууралт гарах, нүд нуухтнах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ шуурхай хүлээн авч, эмнэлзүйн шинжилгээ, оношилгоог хийж эмчилж байна.”

Улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрвэл:

-Халуурах (38-40 хэм хүртэл)

-Толбон гүвдрүүт тууралт (нүүрнээс эхэлж бүх биед тархана)

-Ханиалгах, нус гоожих, нүд нуухтнах

-Хоолой өвдөх, ядрах, бие сулрах

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

-Хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлыг нягталж, товлолын дагуу вакцин хийлгэх.

-Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дур мэдэн эмчлэхээс зайлсхийж, яаралтай эмнэлэгт хандах.

-Өдөр тутмын ариун цэврийг сайтар сахих, гар угаах, амны хаалт тогтмол зүүх.

Улаанбурхан өвчин хүндэрвэл уушгины хатгалгаа, тархины үрэвсэл зэрэг амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг тул урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

Эцэг эхчүүдийн хариуцлага, анхаарал болгоомж хүүхдүүдээ халдвараас хамгаалах гол түлхүүр юм гэж ХӨСҮТ-өөс онцоллоо.

Таны сурталчилгаа