Цаг үеийн мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг танилцуулав. Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тендер сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа бөгөөд эхний ээлжид найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотголоо.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат,  гэрээний нөхцөл болоод тендер зохион байгуулалтын зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор  нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг  “Цахим дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг зохицуулалтыг тусгажээ.  Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй аж. Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан болон  нарийвчилсан гэх зэргээр тодотгох хэрэгтэйг танилцуулав.

Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл болон холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн байна. Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим хариуцаад хэвийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д  танилцуулж нээлттэй болгох нь зүйтэй” гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулахаар тогтлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь  Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэв. Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттайгаар холбох аж. Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолжээ. Танилцуулгатай холбогдуулж штабын гишүүд дулаалгын аян өрнүүлэх,  дулаалгын шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн, санал солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Засгийн газрын хуралдаанд бүрд танилцуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн холбогдох сайд нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгаж, уг хуулийн төслийн өмнө нь дагалдах хуулийн төслөөр УИХ-д өргөн баригдаж буцаагдсан, одоо дахин бие даан өргөн барих тул хариуцлагатай хандаж, хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй гэв. Мөн хөх нүүрсний талаар  агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөлөл, үр дүн,  хэрэглээнд нэвтрүүлэх тооцоолол бүхий дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж штабын дараагийн хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.

Таны сурталчилгаа