Монгол Улсад авто тээврийн салбар үүссэний 100 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бид нийтийн тээврийнхэн” эмэгтэй жолооч нарын уулзалт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 206 бүсгүйчүүд өнөөдөр уулзаж, ажлын амжилт бүтээл, тулгарч буй бэрхшээл даван туулах гарцын талаар санал бодлоо хуваалцлаа.
Эмэгтэйчүүдээ дэмжин эрүүл мэнд зөв хооллолт, зөв дадал зуршлын талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоол зүйч зөвлөгөө өгөн ярилцсан бол, Хуримын ордны мэргэжилтэн Гэр бүлийн харилцаа, эмэгтэйчүүдийн үүрэг сэдвээр илэн далангүй ярилцаж саналаа солилцов.
Түүнчлэн Улаанбаатар театрын уран бүтээлчид бүсгүйчүүдэд ая дууны мэнд хүргэн ажлын амжилт хүслээ.
Нийтийн тээврийн салбарт яг одоо 2447 жолооч ажилладгаас 186 нь эмэгтэйчүүд байна. Тэдний 8.06 хувь нь 26-35 насныхан, 46.24 хувь нь 36-45 насныхан, 42.47 хувь нь 46-55 насныхан байна.