Цаг үеийн мэдээ

Цаг агаар дулаарч, урин хавар айлчлан ирлээ. Дулаарах сайхан ч хөлдөж гэссэн халиа тошин, хаврын шар усны үертэй зэрэгцэн олон айл өрх, хүмүүст “зовлон” болон ирдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажилладаг гол байгууллагын нэг бол Геодези, усны барилга байгууламжийн газар. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өдөр бүр халиа тошин дээр ажиллаж, шар усны үерээс сэргийлж, айл өрхийг усанд автуулахгүйг хичээн ажилласан. Гэтэл зарим байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдэл тэдний олон сарын хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийхэд ойрхон байна.

Нэгэн жишээ бол Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хорооны айл өрх рүү халиа тошин хальж орох эрсдэл үүссэн байна. Сэлбэ гол дагуух энэ байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдирлыг өөрчилсөн байна. Халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдирлыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, цас, мөсөөр, чулуу, цементээр далан барьдаг шүү дээ. Гэтэл барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгожээ. Мөн Сэлбэ голын голдирлыг өөрчилж, нарийсгасан. Үүнээс болж халиа тошин их хэмжээгээр нэмэгдэснийг Геодези, усны барилга байгууламжийн газар арга хэмжээг авчээ. 

Тухайн барилгын эздээс тодруулахад “Асгасан шороогоо буцаагаад ав, ав” хэмээн хариулжээ. 2023 оны долоодугаар сард болсон Сэлбийн үерийн хохирол, гамшгийг эргэн санасан ч гэсэн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд байнгын ажиллагаа чухал. Ганц удаагийн сэрэмж алдахад л олон айл өрхийн гэр орон, амьдрал ахуй, амь нас ч яригдах чухал бөгөөд эмзэг асуудал юм. 

Таны сурталчилгаа