УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг.
Уг хуулийн заалтыг Хаан, Хас, Голомт, ХХБ, Төрийн банк дэмжиж, энэ оны 6 дугаар сард багтаан хувьцаат компани болох үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ дагуу иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, тухайн банкуудын хувьцааг нээлттэй зарлах “Ногоон сум” аяныг МҮОНРТ-ээс санаачлан өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүллээ.
1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 обьектийг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэд хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд оролцсоноор таны болон аав, ээжийн тань цэнхэр, ягаан тасалбар аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, мөн дээрх банкуудын хувьцааг худалдан авах боломж нээлттэй байна.
Хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их мөнгөтэй, санхүүгийн мэдлэгтэй хүн оролцох биш, цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.