Цаг үеийн мэдээ

Та бид аль нэг улс төрчийг сонгоогүйнхээ төлөөсийг томилгоогоор төлсөөр байна. Дипломат алба улс төрчдийн тэтгэвэр боллоо гэж бухимдаж байх хооронд төрийн өмчит компаниудыг нам нийлээд, сэм хуйвалдан өгсөөр байна.  

Мөнгөөр золгосон Ц.Тогтохсүрэн, боов хивсэн М.Оюунчимэг нар хөтлөлцөөд уул уурхайн “Монголросцветмет” хэмээх том айлын захирал, орлогч хоёр болсон байна.  Цагдаагийн сургууль төгссөн УИХ дахь МАН-ын бүлгийн экс дарга Ц.Тогтохсүрэн, сэтгүүлч мэргэжилтэй, бүлгийн экс дэд дарга М.Оюунчимэг хоёр хөтлөлцөөд, цайр, жонш боловсруулах аж үйлдвэрийн парк, том уурхайнуудыг инженерийн дүрээр, эдийн засагчийн царайгаар удирдана. 

Аль 2016 оны үед аймгийн дарга байхдаа 70 саяын авлига авсан хэрэг нь замхарсан, Австралийн казинод орсноо биечлэн туршлага судаллаа гэж туусан, хадган дээр мөнга тавиад сонгогчдыг хахуульдсан Ц.Тогтохсүрэн том суудалд тогтохын суурьтай хүн юм. М.Оюунчимэг боссон ч суусан ч боовны хишигтэй, боовны хувьтай, босоо заяатай эмэгтэй юм.  

Экс сайд, гишүүн Н.Цэрэнбат агаарын бохирдлын 116 сая төгрөгөөр 36 айлын хашааны хаалгыг засаж сольсон, хил, гаалиар хэд орж ирсэн нь ч мэдэгдэхгүй Хятадын 4 компанитай яндангийн шүүр авах шууд гэрээ хийсэн, Ховдоос ажлын төлөвлөгөө нь ч ирээгүй байхад хотоос 800 саяыг шилжүүлсэн авлигын хэргээ сугавчлаад Оюутолгойн ТУЗ-д Монголыг төлөөлж, “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлын суудалд наалдсан байна.  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг гацаагаад Ховдын засаг даргаас ховхорсон Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирал болсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа биечлэн үүрэг даалгавар өгөөд байхад огцортлоо гацааж чадсан хүн хоёрыг гацааж чадна гэж үзсэн үү?

8 жил ажилгүй явсан АН-ынхан ТӨК-иудад хяналт хариуцсан менежерийн суудалд фракц фракцаараа хуваарилагдаж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал зардал нь захирлынх нь урамшуулал болчихсон, ардаа ордонд суугаа эзэнтэй, брэндийн арьсан цүнх баригчдын сүлжээнд орсон төрийн өмчит компаниудыг цэгцэлж цэвэрлэх, 3 жил алдагдалтай ажилласан бол татан буулгах хууль санаачлаад байна. Н.Учрал бохирдсон ТӨК-иудыг ТҮКдэн цэвэрлэж барах уу? Хуушуур хайрахаас эхлээд хувцас оёх, хог асгах хүртэлх хувийн хэвшлийг ажлыг булаагаад өөрөө ч бардаггүй, өрөөлд ч өгдөггүй булуу хураасан төрөө буцаагаад байранд нь тавьж дөнгөх үү?  Ерөнхий сайд ТӨК-иудын 50 хувийг татан буулгана гэж хэлсэн үгэндээ хүрэх хүч чадал байна уу? Хүний өөрийн намын сүлжээ, ах, эгч нарынхаа арьсан цүнх баригчдын армийг татан буулгаж чадах юм уу даа? Засгийн газарт хамтарсан намуудын аль алиных нь ашиг сонирхол хөнжил дотроо хөлөөрөө тийрэцлэж, орондоо дотроо озолдохгүй зодолдож чадах уу? 

Сонгож болохгүй. Сонгохгүй ч байж болохгүй. Сонгохоор итгэл даахгүй. Сонгохгүй болохоор томилогдчихно. Ямар ч тохиолдолд тэд ялна. Яаж ч байсан бид ялагдана. Ингэхэд явж өгдөггүй ялагдсан улс төрчид хонгон дээр дахидаг хатиг ч юм шиг, хуруун дээр овойсон үү ч юм шиг.

Таны сурталчилгаа