АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп трансжэндэр буюу бэлгийн цөөнх хүмүүст цэргийн алба хаахыг хориглох зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэрийн дагуу одоогийн байдлаар АНУ-ын армид алба хааж буй болон бэлтгэл офицер зэрэг нийт 15,000 орчим трансжэндэр хүн цэргийн албанаас чөлөөлөгдөж байна.
Тус зарлиг нь зөвхөн цэргийн салбарт хязгаарлалт үүсгээд зогсохгүй, улмаар бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг бүхий л түвшинд хумих эрсдэлтэй хэмээн ажиглагчид үзэж байна. АНУ-ын хүний эрхийн байгууллагууд энэхүү шийдвэрийг эрс шүүмжилж, ардчилсан үнэт зүйлсэд харш гэж мэдэгдэж байгаа юм.
Цэргийн албанд трансжэндэр хүмүүсийг оролцуулах эсэх асуудал нь АНУ-д өмнө нь ч маргаан дагуулж байсан. Өмнөх ерөнхийлөгч Жо Байден 2021 онд тэдний эрхийг хамгаалж, цэргийн албанд оролцохыг нь зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан билээ. Харин Трампын засаг захиргаа энэ бодлогыг эргэн өөрчилж, хатуу хязгаарлалт тогтоож буй нь ардчилсан болон консерватив улс төрийн хүчнүүдийн хооронд шинэ зөрчилдөөн үүсгэж мэдэхээр байна.
Энэхүү шийдвэр нь АНУ дахь бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн төлөө тэмцэлд томоохон нөлөө үзүүлж, цаашид олон нийтийн эсэргүүцэл, хууль эрх зүйн маргаан дагуулах магадлалтай байна.