Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр бүрдэж, салбар салбарын төлөөлөл орж, ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг байгуулагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Тус ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох, тэдний эрхийг хамгаалах, зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна. Өнөөдөр /2025.02.07/ тус ажлын хэсгийн эхний уулзалтаа УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Н.Алтаншагай, Ж.Баясгалан нар Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын хүн амын 23 хувийг агуулдаг томоохон дүүрэг бөгөөд 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Уулзалтад 300 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудлын талаараа санал хүсэлтээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн доод хэмжээгээр олгох заалтыг хуульд нэмэлтээр оруулахаар саналаа өгсөн байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хэрэгжилтийг нийгэмд хангуулах нь хамгийн тэргүүнд шийдвэрлэх асуудал болохыг онцолж, цаашид Монгол орон даяар иргэдээс нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авч, ажлынхаа үр дүнг дүгнэх болно гэдгээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чухал алхам болсны зэрэгцээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, тэгш боломжтой орчин бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах зорилготой юм.