Цаг үеийн мэдээ

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп Засгийн газрын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой шинэ хэлтэс байгуулж, тус хэлтсийг удирдах хариуцлагыг Илон Маск-д хүлээлгэжээ. Энэхүү баг нь авлига, мөнгө угаалт зэрэг төрийн байгууллагуудад бугшсан асуудлуудыг илрүүлж, засгийн газрын үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох зорилготой аж.

Илон Маск энэ ажлыг эхлүүлэхдээ 19-25 насны зургаан залууг сонгон шалгаруулж, АНУ-ын засаг захиргааны томоохон нууц сүлжээг судлан, өнгөрсөн хэд хоногийн дотор анхны илчлэлтүүдийг хийсэн байна. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, төсвийн мөнгө завших зэрэг асуудлуудыг олж илрүүлэн, засгийн газарт шийдвэрлэх саналуудыг боловсруулж эхэлжээ.

Хамгийн сонирхолтой нь, Илон Маскын бүрдүүлсэн эдгээр залуусын зарим нь их сургуулийн оюутнууд бөгөөд тэд долоо хоногт 120 цаг ажиллаж буй нь анхаарал татаж байна. Энэ нь өдөрт дунджаар 17 цаг ажиллаж байна гэсэн үг бөгөөд асар өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь харагдаж байна.

Тус багийн эхний ажлын тайлан удахгүй олон нийтэд ил болох төлөвтэй байгаа бөгөөд Илон Маскын удирдсан энэхүү шинэчлэл нь АНУ-ын төрийн байгууллагуудад томоохон өөрчлөлт авчрах уу гэсэн асуулт улс төр, бизнесийн хүрээнд анхаарал татаж байна. Түүний инноваци, технологид суурилсан менежментийн арга барил төрийн засаглалд хэрхэн нөлөөлөх нь цаашдын үйл явцад тодорхой болох биз ээ.

Таны сурталчилгаа