Цаг үеийн мэдээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор 10 аймгийн төвд дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Баянхонгор хотод баригдах дулааны станцын барилга угсралтын ажлын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үйл ажиллагааг нээж "Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор Баянхонгор хотын иргэд олон жилийн хүлээлт болсон хэрэгцээний халуун усаар жилийн туршид хангагдаж, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн салбарын хүний нөөц, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэx, дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахаа больж, агаарын чанар сайжрах, амьсгалын замын өвчлөл буурах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг эерэг нөлөөллийг бүс нутагт үзүүлэx юм" гэлээ. 

Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд 40 жилийн хугацаатай, жилийн 0.15% хүүтэй, эхний 10 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж байгаа юм. 

Энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд Баянхонгор хотод 30 Гкал/ц хүчин чадал бүхий орчин үеийн ус боловсруулах, түлш дамжуулах автомат системтэй дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 8 иж бүрдэл дэд төв, 7.3 км урт дулаан дамжуулах шугам сүлжээг 26 сарын хугацаанд БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани барьж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Баянхонгор аймагт шинэ дулааны станц баригдсанаар 247 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, 238 нийтийн болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар хангана.

Шинээр баригдах дулааны эх үүсвэрийн зуух нь бүрэн автомат удирдлагатай, түүхий нүүрсийг ч бүрэн шатаах чадамжтай, ашигт үйлийн коэффициент өндөртэй тул нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар тус тус бууруулах юм. Монгол Улсад одоо ажиллаж байгаа дулааны станцуудтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар тус тус бууруулна.

Таны сурталчилгаа