Цаг үеийн мэдээ

Дундговь Аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хашаандаа сайхан амьдаръя” групп хамтран зохион байгуулж буй "Алим тариалах аргачлал, сэдэвт сургалтыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд Политехникийн коллежид зохион байгуулж байна. 

 Энэхүү сургалтыг Ховд аймгийн Тэргүүний тариаланч, “Булган голын алим” ХХК-ийн захирал Х.Балжинням, мөн аймгийн “Монгол алтайн алтан алим” ХХК-ийн  захирал С.Ариунбаатар нар удирдан явуулах юм.

Сургалт танхимаар болон практик хослон явагдах бөгөөд Дундговь аймгийн хувьд   хөрсний бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай ч нарны тусгал сайтай, дулаан уур амьсгалтай нь давуу талтай төдийгүй алим тариалах бүрэн боломжтой гэдгийг сургагч багш нар дурдсан юм. 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай жимс, жимсгэнийн мод  тариалах, нарийн ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийгдэмжих бодлого баримтлан ажиллаж байна. 

Энэ хүрээнд мод, бут сөөг, жимс тарих, хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдийг жил бүр давтан сургалтад хамруулж, чадавхжуулахыг зорьж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад хамрагдаж буй алим тариалах сонирхолтой иргэдийн сургалтын зардлыг АЗДТГ-ын дарга Л.Доржбатын санаачилгаар “Дундговио ногооруулъя” хөтөлбөрөөс санхүүжүүлж байна. 

Уг сургалтад 150 гаруй хүн хамрагдаж байгаа нь  иргэд эрүүл аюулгүй хүнсний ногоо, жимсийг өөрсдийн гараар тарьж ургуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Таны сурталчилгаа