Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон ажээ.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог билээ.
11 сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бүх үйл ажиллагааг бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор цуцалсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллэсэн юм.
"ЧИНГИС ХААН" одонг хүртсэн эрхмүүд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2016 онд Дуучин Г.Ариунбаатар
2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр
2019 онд "THE HU" хамтлаг
Энэ жилийн хувьд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бүх үйл ажиллагааг цуцалсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд байна.