Антонов Ан-225 Мрия гэх Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц тулааны үеэр Оросын цэргийн цохилтод өртөж, сүйрснийг Украины гадаад хэргийн яам Ням гарагт мэдээлжээ.
“Мрия” нь украин хэлээр “мөрөөдөл” гэсэн утгатай үг юм.
Хүйтэн дайны төгсгөл хэсэгт үйлдвэрлэсэн уг аварга онгоц Зөвлөлтийн “Буран” хөлгийг сансарт хөөргөхөд тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх зориулалттай байжээ.
1988-1991 онуудад Ан-225 энэхүү үндсэн үүргээ гүйцэтгэж байв.
Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа хэсэг хугацаанд ашиглагдахгүй болж байжээ.
Дараа нь Украины Антонов Айрлайнз компани онгоцыг ачаа тээврийн зориулалтаар дахин ашиглаж эхэлсэн юм.
Хамгийн сүүлд коронавирусийн цар тахлын үеэр их хэмжээний яаралтай тусламжийн ачааг тээвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ.
Антонов Ан-225 Мрия нь агаарын тээврийн түүхэнд хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байв.
Тухайлбал хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүнд жинтэй нисэх онгоц, идэвхтэй ашиглагдаж байгаа агаарын хөлгүүдийн дотор хамгийн том далавчтай онгоц, хамгийн том ачааны нисэх онгоц гэгддэг байжээ.
Сүүлд авсан мэдээллээр бол Украины нийслэл Киев хотын ойролцоох Гостомель нисэх буудлын дэргэдэх тулааны үеэр Ан-225 Мрия цохилтод өртөж, шатсан байна.
Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба “АН-225 Мрия дэлхийн хамгийн том нисэх онгоц байв. Оросууд манай Мрияг (украин хэлээр Мөрөөдөл) устгасан байж магадгүй. Харин хүчирхэг, эрх чөлөөт, ардчилсан Европын Улс болох бидний мөрөөдлийг тэд устгаж чадахгүй. Бид ялна!” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Харин Антонов компаниас гаргасан мэдэгдэлд АН-225 нисэх онгоцыг мэргэжилтнүүд шалгаж байгаа ба шалгалтын дүгнэлт гарах хүртэл техникийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна.
Эх сурвалж: CNN