Цаг үеийн мэдээ

Манай улс хилийн асуудлаар хөрш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу улсын хилд 39 боомт ажиллахаар тусгагдсан ч ердийн үед 24 боомт тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Коронавирус (КОВИД-19)-т халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зөвхөн Монгол, Хятадын хилд хилийн 4 боомт буюу Замын-Үүд, Булган, Гашуунсухайт, Ханги боомтууд ажиллаж байна. 

Эрээн хотод цар тахлын тохиолдол илэрсний улмаас хатуу хөл хорио тогтоон, зөвхөн чингэлэг тээвэр явж байгаа. Хил гааль, ачаа тээврийн үнэ, татварын асуудлаас үүдэж үнийн хөөрөгдөл үүсч байгаа талаар тээвэрчид мэдээлж, төв талбайд жагсаал зохион байгуулж суулт хийж байсныг уншигч та бүхэн санаж буй бизээ. 

Тэгвэл баруун бүсийн Булганы хилийн боомт Хятад улсын талаас ямар нэг хориг тавигдаагүй хэдий ч зургаадугаар сарын нэгний өдрөөс хойш ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлтийн ажил гацаанд орж, гаалийн хашаа иргэдийн ачаа бараагаар дүүрч бухимдал үүсэн, цаашид Монголын талын хашаа дүүрсэн гэдэг шалтгаанаар нэмэлт бараа татах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар эх сурвалж хэлж байна.

Тухайлбал автомашины худалдаа эрхэлдэг байгууллагууд нэг машинд ноогдох Монгол улсын гаалийн татварт Замын Үүдийн боомтоор 34-37 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол одоо Булганы хилийн боомтын “жишиг” үнээр 39-42 сая төгрөг буюу нэг машин тутам 5 сая төгрөгийн жишиг үнийг нэмж тогтоон төлөхийг гаалийн байгууллагаас шаарджээ. 

Төрийн байгууллага нь үнэн бодитоор мэдүүлэг хийж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүдийн баримт бичгийг үгүйсгэж гаалийн жишиг үнэ нэрийдлээр үндэслэлгүй өндөр татвар ноогдуулж байгааг импортлогчид эсэргүүцэж байна. 

"Жишиг үнэ" гээч энэ өндөр татвар ачаа барааны нэг бүрийн үнэ дээр нэмэгдэн ард иргэдийн нуруун дээр ирнэ.

Хэмнэлтийн хууль ярьж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана гэж Засгийн газрын зүгээс мэдэгдсэн ч өндөр татвараар бизнес эрхлэгчдээ дарамталж байгааг юу гэж ойлгох вэ? 

Угтаа бол өдөрт 100-150 машин гаргах хүчин чадал бүхий боомт жишиг үнэ тогтоон бор зүрхээрээ яваа бизнес эрхлэгчидээ өндөр татвараар дарамталж нэг ч машин гаргалгүй 8 хонож байгаа нь ямар шалтгаантай вэ?  Сү. Батболд хадам дүү Б.Асралтаар дамжуулж гаалийн боомтуудын ажлыг гацааж тээврийн бизнесыг гартаа оруулах гэсэн санаархал бий юу гэх хардлага ч олон нийтийн дунд хөвөрч байна. 

Өмнө нь Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг аж.

Яг энэ шалтгаанаар баруун хилийн гаалийн хашаа ачаа бараа машинаар дүүрч, нэмэлт таталт хийх боломжгүй болон Монголчууд бид тамын тогоондоо суусаар л байна. 

 

Таны сурталчилгаа