Монголын Уран Зургийн Галерей нь соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчилах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор Орхон аймагт “Соёлын сэргэлт-2023“ аяныг зохион байгуулах гэж байна.
Соёлын Сэргэлт-2023 аяны хүрээнд Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон та бүхний сайн мэдэх Ардын зураач, төрийн хошой шагналт, угз О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг толилуулна.
"Соёлын сэргэлт-2023” аяны нээлт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Нээлтийн арга хэмжээнд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт тоглогдох юм.
“Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэн 2023 оны 05 дугаар сарын 10-15-ны хооронд Хүүхэд, залуучуудын театрт дэлгэгдэнэ. Мөн Орхон аймагт зохион байгуулагдах Соёлын сэргэлт-2023 аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхижуулах сургалтууд зохион байгуулагдана.