Цаг үеийн мэдээ

Амьдралынхаа ихэнх үеийг ардын урлагийг хөгжүүлэхэд зориулсан бий биелээч М.Жалк гуайг бид Увс аймгаас онцолж байна. Өдгөө 90 нас насалж буй М.Жалк гуай 80 гаруй жил Баяд бий биелгээг өвлөн уламжилж 300 гаруй шавь бэлтгэжээ. 

М.Жалк гуай Франц Монголын хамтарсан “Хуурын эгшиг” киноны гол дүрд тоглож,  баяд угсаатны язгуур урлагийг өөрийн амьдрал, уран бүтээлээрээ дэлхийд сурталчилсан хүн юм. Мөн тэрээр ӨМӨЗО-ны Хөх хотод тоглолтоо толилуулж, ардын урлагийг шимтэн сонирхогчдын мэлмийг баясгасан билээ. М.Жалк гуай бол баяд угсаатныхаа олон төрлийн биелгээний донж маягийг натур байдлаар нь дахин давтагдашгүйгээр эзэмшсэн ховор нандин ардын авьяастны нэг юм. 

Тэрээр 1991 онд Улсын тэргүүний уран сайханчаар тодорч “Ойрад түмэн-2016” Олон Улсын язгуур урлагийн наадмын “Гран-при”, Алтан Гэрэгэ, Баруун монголын ардын бий биелгээний наадмын алтан медаль гэх мэт олон шагнал авч, бий биелгээг хөгжүүлэхэд өөрийн амьдралаа зориулжээ. 

Баруун монголчууд Экэлийн аялгуунд биелгээг нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл хотол даяар бүжиглэж, биеийн хөдөлгөөний уран налархай чанар, ая дууны гайхамшгаараа үзэгчдийг уяруулдаг билээ.

Урианхай, торгууд, дөрвөд, баяд, захчин, хотон, мянгадын бий биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг байна.

Таны сурталчилгаа