Билгийн тооллын хар усан бар жилийг үдэж, үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилийг угтах цаг иржээ. Хятад зурхайгаар Гуй Мао буюу усан туулай жил айлчлан ирж буй. Хонконгийн геомантик буюу зурхайн ухааны мастер Тиерри Чоу ус болон туулай нэг жилд давхцах нь ховор тохиолдол гэжээ. Түүний хэлснээр туулай нь модыг бэлгэддэг бөгөөд хятад зурхайгаар ус модыг хүмүүжүүлдэг ажээ. Тиймээс ирж буй туулай жилд модтой холбоотой аж үйлдвэрийн салбар тухайлбал хэвлэн нийтлэх, газар тариалан, мод үржүүлэг, тавилга зэрэг бизнест үр өгөөжтэй байх болно. Харин гал уснаас эмээдэг тул гал суурьтай аж үйлдвэр, мөн дижитал технологийн бизнесүүд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй хэмээн Тиерри Чоу сэрэмжлүүлж байна. Мөн түүний хэлснээр сүүлийн хэдэн жил хүндхэн байсны эцэст туулай жил хонгилын үзүүрт гэрэл асааж, амьсгаа авах таатай жил болох ажээ. Хятад зурхайн ухаанаар 12 жилд төрсөн хүмүүст туулай жил хэрхэн нөлөөлөхийг дараах байдлаар дүрсэлсэн байна.
Туулай: Туулай жилтэй хүмүүсийн жил орж байгаа тул саад бэрхшээлтэй тулгарах, тогтворгүй байдал нь энэ үед улам нэмэгддэг гэж үздэг. Туулай жилтнүүд эрүүл мэнд, карьер, харилцаанд том өөрчлөлт ороход бэлтгэлтэй байх хэрэгтэй гэжээ. Гэхдээ бүх зүйл тийм ч муугүй байх болно гэдгийг санах хэрэгтэй. Зарим салбарт өсч дэвших боломжтой тул аль болох эерэг энерги хуримтлуулж, аз жаргалтай зүйлд цагаа зарцуулахыг уриалжээ. Мөн тэд аялалд гарахаар бол урд зүгийг сонгохыг зөвлөсөн байна.
Луу: Луу жилтнүүдийн хувьд ирж буй туулай жил тун ээлтэй жил байх ажээ. Онц гойд санаа зовоосон асуудал байхгүй ба азгүйтлын од ч тэдэнд нөлөөлөхөөргүй байна. Харин зун болон намар төрсөн луу жилтнүүдэд бага зэрэг стресстэх асуудал үүсч болзошгүй. Луутнууд ажлын байран дээрээ болчимгүй түргэн шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие луу жилтнүүд энэ жил романтик хайр дурлалын харилцаа үүсгэж болох ба тэдний азын өнгө нь алтлаг болон мөнгөлөг зэрэг металл өнгөнүүд байна. Хэрэв аялалд гарахаар бол баруун зүгийг чиглэвэл азтай байна гэжээ.
Могой: Могой жилд төрсөн хүмүүс энэ жил сайхан мэдээ дуулах ба аз болон аяллын одод тэднийг жилийн турш ивээнэ. Ажил дээр шинэ боломж, шинэ зам гарч ирж, дэвших болно. Гэхдээ могой жилтнүүд шаардлагатай үед амралт авч, амьдралдаа тэнцвэрээ олох хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр могой жилтнүүд аялж байхдаа хайр дурлалаа олох магадлалтай. Тэдний азын өнгө алтлаг болон цэнхэр өнгө байх бол таатай зүг нь баруун болон хойд зүг байх юм.
Морь: Энэ жил морь жилтнүүдийг тоорын цэцэгт од ивээх бөгөөд нь энэ үргэлж сайн мэдээгээр гялалзаж, гялтганаж байхыг бэлгэддэг байна. Тодорхой хэлбэл тэд алхам бүртээ шинэ боломжтой учирж, тэдэнд туслах олон хамгаалагчтай уулзана. Хайр дурлалын тухайд ч маш сайн байх бөгөөд магадгүй энэ жил гэрлэж, сүй тавих хамгийн тохиромжтой жил байх болно. Тэдэнд анхаарвал зохих ганц зүйл байгаа нь гэр бүлийн гишүүдийнхээ бие болон сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахыг зөвлөжээ. Тэд энэ жил өмнөд зүг рүү аялж, улбар шар, шар, ягаан зэрэг өнгөлөг хувцас өмсвөл аз дагуулна.
Хонь: Туулай жилд хонь жилтнүүд ерөнхийдөө эерэг оддын нөлөөнд байх азтай ч багагүй ярвигтай жил тохионо. Тиймээс хонинууд өөрсдөдөө анхаарал халамж тавьж, шаардлагатай үед амрах хэрэгтэй. Карьерын хувьд аль болох даруу байж, илүү их ажиглахыг зөвлөе. Боломж тэдэнд зөв цагт ирэх болно. Тэд шинэ хүмүүстэй уулзаж, шинэ найзуудтай болж, шинэ хайр дурлалтай учирж магадгүй. Баруун зүг рүү аялж, алтлаг өнгийн хувцас өмсвөл тэдэнд аз авчирна.
Бич: Бич жилтнүүдэд эв найрамдлын од гийх сайхан мэдээтэй. Нэн ялангуяа ажлын байранд тэднийг бахархал, бишрэл тойрон хүрээлэх болно. Гэвч энэ нь тэднийг болчимгүй хуумгай амьдрах хэрэгтэй гэсэн үг биш. Бич жилтнүүд, тэр дундаа спортлог бичнүүд энэ жил аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд тохиромжгүй жил байж магадгүй. Аяллаар явах бол баруун зүгийг сонгож, шар болон биеийн өнгөтэй хувцас тэдэнд урам зориг өгөх болно.
Тахиа: Тахиа жилтнүүдэд энэ жил харш жил нь тохиож байгаа тул ирэх саруудад тохиох тогтворгүй байдал, олон тооны өөрчлөлтүүдэд бэлэн байх хэрэгтэй. Эмх замбараагүй байдлыг хяналтандаа авч, илүү их аялахыг зурхайч зөвлөсөн байна. Аль болох илүү их эерэг энерги хуримтлуулж, илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Шар болон бор өнгийн хувцас ээлтэй ба баруун болон хойд зүгт аялахыг зөвлөсөн байна.
Нохой: Нохой жилд төрсөн хүмүүс санхүү болон карьертаа онцгой амжилт гаргах жил ирж байна. Гэвч аль болох даруу байж бусдыг сонсохоо битгий мартаарай. Нэн ялангуяа найз нөхөд, итгэдэг хүмүүсээ сайн сонсохыг зөвлөе. Тэд энэ жил таныг илүү азтай байхад туслах чухал зүйлсийг хэлэх болно. Азын өнгө нь мөнгөлөг болон цэнхэр байх бол азын зүг нь хойд зүйг байх ажээ.
Гахай: Гахай жилтнүүдийн хувьд ерөнхийдөө эерэг жил байх болно. Ажил болон амралтаа зохицуулж эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Хэрэв багийн ажилд анхаарлаа сайн хандуулж чадвал мэргэжлийн салбарт амжилт гаргана. Хайр дурлалын харилцаанд тун гайхалтай жил байх бөгөөд шинэ найзууд, шинэ хайр дурлалтай учирна. Гахай жилтнүүд ягаан болон нил ягаан өнгийн хувцас, өмнөд зүгийн аяллыг сонговол аз хийморьтой байх болно.
Хулгана: Хулгана жилтнүүдэд хатуу жил гарах ч бүх зүйл муу байна гэж итгэж болохгүй. Эрүүл мэнд болон ажилдаа илүү их анхаарах хэрэгтэй. Бага зэрэг бэртэл авч болзошгүй. Хулгана жилтнүүдийг илүү дулаахан газруудад аялж, ягаан, улбар шар зэрэг гэгээлэг өнгийн хувцас сонгохыг санал болгож байна.
Үхэр: Үхэр жилтнүүдийг аз амжилт, аяллын од гийж байна. Тэд санхүүгийн тал дээр шинэ түвшинд хүрэх ба шинэ боломжууд гарч ирнэ. Үхрүүд хувийн болон ажлын шугамаар илүү их аялах төлөвтэй байна. Гэвч хэтэрхий их аялж, ажилласны дараа эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болохвий. Ганц бие болон хайраа хайж буй үхэр жилтнүүд азтай байна. Аялахаар бол умард зүгийг сонгоорой.
Бар: Бар жилтнүүдийн хувьд жил нь гарч туулай жил айсуй тул хүнд цаг үе ард хоцорч, нөхцөл байдал илүү дээрдэнэ. Гэхдээ өөрчлөлт тийм ч хурдан ирэхгүй тул тэвчээртэй байх нь чухал. Хавар, зуны улиралд төрсөн бар жилтнүүд жилийн эхний хагаст эргэн сэргэж, хоёрдугаар хагаст чухал шийдвэрүүдээ гаргахыг зөвлөж байна. Хайр дурлалын тал дээр өөртөө цаг гаргаж, яарахгүй байх хэрэгтэй. Шар, цэнхэр, бор өнгө ээлтэй ба баруун болон хойд зүйгт аялахыг зөвлөе.
Эх сурвалж: CNN