Гурилын үйлдвэрүүд хөнгөлөлт бүхнийг нь болохоор эдэлчхээд хүн ардаа болохоор хүндрүүлж шулдаг хүйтэн баримтууд сөхөгдөж байна. Ачаа тээврийн зардал, гааль, НӨАТ-тайгаа орос 1-р гурил 50 кг-ын шуудай нь 70-80 мянга бол Монголынх 140 мянга. Ганцхан жилийн дотор 2 дахин нугарсан байна.
Гурилын үнэ бол талхны үнэ. Талхны үнэ бол бүх юмны үнэ. Та бидний цалин, орлогыг цаас болгох хортой хөөс. Үнээ өсгөхгүй, үндэслэлгүйгээр нэмэхгүй гэж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад Та бидний татварын мөнгөнөөс 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Хөнгөлөхийн тулд хүүгийнх нь 13 хувийг Засгийн газар төлсөн. Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Талх бүхэнд шингэчихсэн татвар төлөгч Та бидний мөнгө. Хүчээр дэмжээгүй, хүссэнээр нь дэмжсэн. Импортын хэмжээ хязгаар тогтоож, эх орны гурилаа үйлдвэрлэхийг дэмжсэн биш иргэд нь өөрсдөө шулуулж байна. Үндэсний үйлдвэрлэл нэрийн дор үгсэн хуйвалдаж, үндэстнээ шулдаг.
Монгол улс гурилын 23 хувийн үйлдвэртэй. П.Цэнгүүн гэдэг хүний хувьчилж авсан “Алтантариа”, ХААН банкны эзэн Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил”, экс Еөк Х.Баттулгын дүү Х.Баттуулын “Милл хаус” гэсэн гурван үйлдвэр бүх зах зээлийн тал хувийг баздаг. Гурилын 6 үйлдвэрт үнийг нь нуга суга нэмүүлж өөрсдөө шулуулахгүй гэж татвар төлөгчдийн 101,1 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгосон. Тавхан монопол гэр бүлийн олигопол ноёрхолд татвар төлөгчид дэмжлэг үзүүлээд дээрэмдүүлдэг.
ХААН банкны Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” 2022 онд 20 тэрбум, 2023 онд 23 тэрбумын хөнгөлөлтэй зээл авсан. Экс Еөкийн “Милл хаус” 2021 онд 10, 2022 онд 13, 2023 онд 24,6 тэрбум төгрөг авсан. Сүүлийн гурван жилд 59 тэрбумын хамгийн их хөнгөлөлттэй зээл авсан “Өег гурил” ХХК-ийн эцсийн өмчлөгч Алтансүхийн Батсуурь. УИХ-ын сонгуульд төвийн бүсэд АН-аас дэвшихээр горилж байна. Гурилаар шулж гуя нь цайсан энэ хүн ямар нүүрээрээ, ямар гавьяа байгуулсан, яг юу хийнэ гэж гишүүнд горилж яваа вэ?
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хамаарлын “Дорнод гурил”-д 2021 онд 2, 2023 онд 8 тэрбумын хөнгөлөлтэй зээл олгосны үр дүнд гурилын үнэ нуга суга өссөн байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд өөрөө эзэн нь байгаад дүүдээ шилжүүлсэн хувийн компани гурилдаад байхаар гурилын үнэ яаж буурах вэ?
Өртгийнх нь 70 хувь болдог улаанбуудайн үнэ өсөөгүй байхад гурилын үнэ нугалж нэмэгддэг. 700 төгрөгийн улаанбуудайгаар үйлдвэрлэсэн 1 кг гурил 2800 төгрөг. Улаанбуудайн хальсыг нь хивэг тэжээл болгож, ахиад 730 төгрөг олдог. Хаягдлаас нь олдог 730 төгрөгийг тооцвол үндсэн түүхий эдээ үнэгүй авсантай ялгаагүй. Тэгсэн атлаа 4 нугалдаг нь Монголд л байдаг бизнес байх. Энэ бол чөлөөт эдийн засаг мөн үү?
1 кг гурил авахад 1000 төгрөг алддаг, 50 кг-ын шуудай гурилаас 50 мянгыг дээрэмдүүлдэг. Засгийн газар импортын гурилын оруулж ирэх тоо, хэмжээ, хугацаа заахгүйгээр чөлөөллөө. Үндэсний үйлдвэрлэл нэрийн дор 5 айл цөм ашиг хийх үү, үндэстэн улсаараа хямд гурил идсэн нь дээр үү?