Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдөр тус улсын Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд зочлов.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн дэх Энх тайвны дурсгалын музей цөмийн бөмбөгдөлтийн бодит түүх, хор уршгийг олон нийтэд таниулах зорилгоор 1955 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
Сайд Б.Батцэцэг Хирошимагийн цэцэрлэгт хүрээлэн дэх Энх тайвны дурсгалын музейтэй танилцаж, музейн дурсгалын дэвтэрт бичвэр бичив.
Мөн тэрбээр Хирошимагийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Цөмийн бөмбөгдөлтөд өртөж хохирогсдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Монгол Улс 1992 онд өөрийн улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан бөгөөд Япон Улстай Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг мөрдөхөд хамтран ажиллаж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийн төлөөх үйл хэрэгт тууштай нэгдэж буй.